Шри Ланкийн Коломбо хотын ойролцоо аялж явсан Сингапурын далбаатай ачааны хөлөг онгоц дээр дэлбэрэлт болж, багийн гишүүдийг нүүлгэн шилжүүлсэн гэж Шри Ланкийн тэнгисийн цэргийн хүчин мэдээлжээ.
"MV X-Press Pearl" гэх нэртэй энэхүү ачаа тээврийн хөлөг онгоц нь Коломбо хотоос баруун хойд зүгт 18 км-ийн зайд зогсон, боомт руу орохоор хүлээж байсан аж. Химийн бодисоос үүдэлтэй дэлбэрэлт дөрөв хоногийн өмнө болсон бөгөөд гал унтраах ажиллагаа одоог хүртэл амжилт олоогүй байгаа гэдгийг албаныхан онцолсон юм.
Тус усан онгоц нь 1,486 контейнер ачиж явсан бөгөөд үүний дунд 25 тонн азотын хүчил болон бусад химийн бодис байсан аж. Одоогоор хэд хэдэн чингэлэг далайд унаад байгаа бөгөөд хүчтэй салхины улмаас галын дөл улам эрчимжиж байгаа гэнэ. Уг хөлөг онгоц удахгүй хоёр хуваагдаж магадгүй гэж мэргэжилтнүүд эмээж байгаа юм.
Орон нутгийн Тэнгисийн цэргийн төлөөлөгч Индика де Силвагийн хэлснээр багийн бүх гишүүнийг аюулгүй нүүлгэн шилжүүлж, эмнэлэгт хүргэжээ. Усан онгоцны 25 хүнтэй багийн бүрэлдэхүүнд БНХАУ, ОХУ, Филиппин болон Энэтхэгийн иргэд байгаа аж.
Шри Ланкийн гал унтраах мэргэжилтнүүд үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд Нидерланд, Бельгийн мэргэжилтнүүд тус хөлөг онгоцыг ажиглаж байгаа гэж мэдэгдсэн байна. Мөн Энэтхэг улсаас гал түймэртэй тэмцэх зорилгоор хөлөг онгоц болон нисэх онгоц илгээнэ гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Al Jazeera
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.