Монголын орчуулагчдын эвлэл, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуультай хамтран “Мэргэн зон” ТББ-ын дэмжлэг дор “Оросын орчин үеийн өгүүллэгүүд” номын нээлт энэ сарын 28-н буюу ирэх Баасан гарагийн 15:00 цагт Улаанбаатар дахь “Русский Дом”-д болж, монгол уншигчдадаа хүрэхэд бэлэн болжээ.
Оросын 24 зохиолчийн 25 өгүүллэг багтсан тус номын нээлтийн арга хэмжээтэй холбоотойгоор Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Монголын орчуулагчдын эвлэл хамтран мэдээлэл хийлээ.
Төслийг хэрэгжүүлж буй Монголын орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч, орчуулагч, доктор О.Чинбаяр “Миний хувьд 1994 онд М.Горькийн Утга зохиолын дээд сургуулийг төгссөн. Уржнан жил “Номын соёлт ертөнц” ТББ болон Монголын орчуулагчдын эвлэлийн хамтын урилгаар М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн эрдэм шинжилгээ, сургалт хариуцсан дэд захирал Сергей Федорович, тус сургуулийн хүүхдийн зохиолын семинарын удирдагч хоёр хүрэлцэн ирж уулзалт хийсэн. Тус уулзалтын үр дүнд нэгт, Оросын орчин цагийн өгүүллэгийг Монгол хэлнээ орчуулан гаргах, хоёрт Монголын орчин цагийн зохиолчдын өгүүллэгийн түүврийг Москвад ирэх намар хэвлэн гаргах төслүүд байсан юм.
Ийнхүү өнгөрсөн хавраас бид Оросын орчин цагийн өгүүллэгийг орчуулах ажилдаа орж, ирэх баасан гарагт номоо танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Энэхүү ажлыг миний багш Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн 1980 оны төгсөгч Х.Мэргэн агсны үр хүүхэд санаачлан үүсгэн байгуулсан “Мэргэн зон” ТББ дэмжин оролцож байгаад талархсанаа илэрхийлье. М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн өдрийн ангид Монгол оюутан 1994 оноос хойш суралцаагүй. Харин одоо хоёрдугаар курсэд нэг оюутан шүүмж судлалаар суралцаж байгаа ба тус оюутныг энэ удаагийн төсөлдөө хамруулж нэг өгүүллэг орчуулуулсан” хэмээв.
Оросын орчин үеийн өгүүллэгийн түүврийг монгол хэлнээ орчуулах төсөлд МУСГЗ, дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэн, МУСГЗ, дуун хөрвүүлэгч Г.Аким, МУСГЗ Ж.Нэргүй тэргүүтэй 20-80 насны чадварлаг 20 орчуулагч оролцож, нэг баг болон ажиллажээ.
Энэхүү төсөл нь Орос, Монгол хоёрын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хийгдэж буй утга зохиол, соёлын салбарын хамгийн том үйл явдал гэдгээрээ онцлогтой аж.
МУСГЗ Х.Мэргэн агсны охин сэтгүүлч, орчуулагч М.Ундрам “Мэргэн зон ТББ-аас дэмжин ажиллаж буй анхны том төсөл болох Оросын орчин цагийн өгүүллэгийн түүвэр бүтээл нь уншигч олны хүртээл болж байгаад таатай байна.
Бид аавынхаа нэрэмжит санг залуу орчуулагчдыг бэлтгэх, Монголчуудын оюутны бүтээлийг хөрвүүлэн дэлхийн оюуны санд том мөртэй бүтээл болгон үлдээх зорилгыг өвөрлөсөн.
Аав маань 1975 онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд элсэн орж, орчуулгын ангийг төгссөн. Улмаар дэлхийн болон монгол үндэснийхээ сор болсон бүтээл туурвил, 1,000 гаруй кино, бусад дэлгэцийн бүтээлийг орчуулсан байдаг. Миний хувьд “Мэргэн зон” сангаа төлөөлж төсөлд оролцохоос гадна аавыгаа төлөөлөн тус өгүүллэгийн түүвэр номд орсон нэг өгүүллэгийг орчуулсан” гэв.
Түүнчлэн Монголын орчин цагийн зохиолчдын өгүүллэгийн түүвэр тун удахгүй орос хэл дээр орчуулагдан гарах бөгөөд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржоос хойш эдүгээ цагт амьдарч, уран бүтээлээ туурвиж буй нэрт зохиолчдын богино өгүүллэгүүдээс 26 өгүүллэгийг шалгаруулан илгээсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.