ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаныхан Норильск хот дахь Ялалтын баярын цэргийн парадын үеэр террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийг баривчилсан тухайгаа өнгөрөгч мягмар гарагт мэдэгджээ.
Тус мэдэгдэлд "Холбооны аюулгүй байдлын албанаас Красноярск муж дахь террорист халдлагыг таслан зогсоов. "Исламын улс" олон улсын алан хядагч бүлэглэлийн үзэл бодлыг дэмжигч уг этгээд нь Оросын иргэн юм. Албаныхан түүнийг өнгөрсөн 4 дүгээр сарын 22-нд Ставрополь бүсэд явуулсан ажиллагааны үеэр баривчилсан. Сэжигтэн нь энэ сарын 9-нд Норильск хотын олон нийтийн газарт тэсрэх бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж байсан" хэмээн бичсэн байна.
Сэжигтний Норильск дахь байшингийн хонгилоос тэсрэх бодис болон халдлага үйлдэх бусад хэрэгслүүд олдсон аж. Үүний дунд харилцаа холбооны хэрэгсэл, тэсрэх бөмбөг хийх гарын авлага зэрэг зүйлс байжээ. Түүнчлэн тэрээр хэд хэдэн этгээдийг Ялалтын баярын жагсаалд оролцох цэргүүдийн дунд тэсрэх бөмбөг дэлбэлэхийг өдөөх гэж оролдож байсныг нотлох захидлууд олдсон байна.
Холбооны аюулгүй байдлын албаны Мөрдөн байцаах хэлтсээс уг эрэгтэйн эсрэг ОХУ-ын Эрүүгийн хуулийн Террорист халдлага үйлдэхийг уриалсан болон Террорист халдлагыг дэмжсэн гэх зүйл заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.