Ардчилсан намаас Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яаманд хандан мэдэгдэл гаргалаа. Афинаас Вильнюс чиглэлд нисэж явсан онгоцыг олон улсын холбогдох гэрээ конвенци зөрчин буулгаж, Роман Протасевичыг баривчилсан явдлыг хүний эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан явдал гэж дүгнэж байгаагаа мэдэгджээ. Мэдэгдэлд,
2021 оны 5-р сарын 23-ны өдөр Ryanair компанийн Афинаас Вильнюс чиглэлд нисэж явсан онгоцыг олон улсын холбогдох гэрээ конвенци зөрчин буулгаж, Роман Протасевичыг баривчилсан явдлыг Монголын Ардчилсан нам хүний эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан явдал гэж дүгнэж байна. Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудал нь ямар нэг улсын дотоод асуудал биш бөгөөд олон улсын нэг стандарттай зүйл тул Монголын Ардчилсан Нам нь хүний эрхийн дээрх зөрчлийг Европын Холбооны улсуудын нэгэн адил шийдвэртэй буруушааж байна. Nexta телеграм сувгийн Ерөнхий Редактор Роман Протасевичийг нэн даруй суллан, олон улсын хэм хэмжээнд нийцсэн шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь хангахыг Беларусь Улсын эрх баригчдад хандан уриалж байна гэжээ.
Монголын Ардчилсан Нам
2021 оны 5-р сарын 25-ны өдөр