Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн уриа үг, мөрийн хөтөлбөр юуг илэрхийлж байна вэ. Улс төр судлаач Д.Уламбаяртай ярилцлаа.
Нэр дэвшигчдий уриа үг, хөтөлбөр юуг илэрхийлж байна. Та задалж, шинжилж үзэв үү?
-Аль алиных хэлсэн үгнүүдийг ажиглалаа. Тэртээ тэргүй энэ гурван нэр дэвшигчийн хувь хүн нь хэн бэ гэдгийг Монголын ард түмний тодорхой хэсэг нь мэднэ. Харин өөрийгөө хэрхэн илэрхийлснийг ажиглалаа.
Тухайлбал,
У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Баялагтаа эзэн Монгол гэдэг” урианаас харвал Монголчууд өмнө нь баялагийн эзэн биш байжээ. Харин одоо баялагийнх нь эзэн болгож өгье гэж байгаа агуулга байх шиг. Цаашлуулаад харвал та баялагийн эзэн учир зүгээр сууж бай. Баялагийн эзний чинь хувьд ногдол, хувь өгнө гэх халамжийн агуулга харагдаж байна. Идэвхигүй маягийн уриа.
Нөгөө талдаа бид баялагийн эзэн болохоос биш улсынхаа эзэн байж чадах уу үгүй гэдэг асуулт үлдэж байгаа юм. Зөвхөн шунал, мөнгө, ахуй дээр нь тоглосон уриа дэвшүүлсэн юм биш байгаа даа гэсэн байдал харагдаж байна.
Мөн мөрийн хөтөлбөртөө маш олон нэр томъёо бүхий хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ гэсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөр шиг хөтөлбөр багтаасан байна.
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ "Дарангуйлалгүй Монгол" гэдэг уриа дэвшүүлсэн. Энэ уриаг хувь хүнийх нь зан ааштай холбож бодохоор С.Эрдэнэ өөрөө дарангуйлагч хэв шинжийн хүн үү, ардчилсан хэв шинжийн хүн үү?
Өнгөрсөн хугацааны улстөрийн түүх, ул мөртэй холбоод бодвол С.Эрдэнэ дарангуйлагч хэв шинжийн улстөрч, удирдагч гэдгээ харуулчихсан шүү дээ. Дарангуйлагч шинжтэй удирдагч нь өөрөө “Дарангуйлалтгүй Монгол”-ыг хүснэ гэдэг бол хувь хүнийхээ дотоод итгэл үнэмшил, гаргаж тавьж буй үзэл санаа хоёр нь хоорондоо тэмээ, ямаа шиг зөрүүтэй бадлыг харуулж байна.
Харин мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байдлыг харвал Үндсэн хуулинд заасан Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй холбоотой заалтуудыг татан авч, энэ заалтын хүрээнд ийм зүйл хэрэгжүүлнэ гэж тусгаснаараа онцлог байна. Магадгүй цаана нь ажиллаж байгаа баг боловсруулж өгсөн болов уу. Гэхдээ яг “Дарангуйлалгүй Монгол”-ыг яаж бий болгох гээд байгаа нь гаргалгаа муутай мөрийн хөтөлбөр болсон байна.
Нэр дэвшигч Д.Энхбатын дэвшүүлсэн уриа сул сонсогдож байна. Бусдаас хуулсан мэт. Оюунлаг, орчин үелэг сэтгэлгээтэй, залууст хандсан нэр дэвшигч гэж тооцогдож байгаа боловч уриа нь хуучинсаг, өөрийгөө илэрхийлж чадаагүй. Мөрийн хөтөлбөр нь харьцангуй логик гаргалгаатай юм уу даа гэж анзаарагдсан.
Сурталчилгаа эхэлж байгаа байдлаас үүдээд олон нийт энэ удаагийн сонгуулийг унтаа, сонирхолгүй байна гэж дүгнээд байна л даа?
-Олон нийт нэгнийгээ муулсан, буруушаасан зүйлсийг хүлээж байгаа байх. Гэхдээ өнгөрсөн сонгуулиас эхлээд нэгнээ хараар муулсан, доромжилсон хандлага буурч байна. Цаашид илүү ч буурах байх. Шийдэл, бодлого ярьдаг зүйл рүү орж байгаа нь сайшаалтай хэрэг.
Нэг сонирхолтой өнцөг анзаарагдсан. Тухайлбал, МАН-ынхан буюу нэр дэвшигч У.Хүрэлсүхийн өөрийгөө илэрхийлж байгаа илэрхийлэмж нь дандаа ХӨХ өнгө байна. Хөх дээл, хөх зангиа гэх мэтээр... Уг нь МАН-ыг илэрхийлэх гол өнгө улаан шүү дээ. Яагаад хөхийг сонгов?
Эсэргээр нь АН-ынхан хөх өнгөөр дагнадаг атал улаан, улаан хүрэн гэсэн өнгө ажиглагдаж байна.
Эндээс харвал, намын нэр дэвшигчид баруун төвийн, зүүн төвийн гэх намынхаа имижийн талаар бараг ойлголтгүй байна. Хүмүүст таалагдах өнцгөө л барьж байгаагаас биш үнэт зүйл, итгэл үнэмшлээ өөрийн үйлдэл, үг хэл, хувцас хунар, биеийн хэлэмж, байгаа бүх байдлаараа бүрэн илэрхийлж чадахгүй байна. Энэ удаад сонгуульд ялж л байвал яасан ч яах вэ гэсэн хандлага харагдаж байна.
Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй хүмүүс нь өөрийн гэсэн итгэл үнэмшилгүй, үнэт зүйлгүй болохоор Монгол Улс яаг хаашаа явж байгаа юм бэ гэдэг нь дахиад л ойлгомжгүй бөгөөд ойлгомжгүй байх цаг хугацаа дахиад 5-6 жил үргэлжлэх нөхцөл бүрдэж байна.
Сөрийн хөтөлбөр, уриа сонголтод нөлөөлөх үү?
-Маш бага нөлөөлнө. Мөрийн хөтөлбөрийг уншиж сонголт хийж, санал өгөх хүн маш цөөн. Уриа үг тодорхой хэмжээнд нөлөө үзүүлж магад. Хүмүүсийн сэтгэлгээнд нөлөөлж магадгүй уриа нь нэр дэвшигч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Баялагтаа эзэн Монгол”. Гэхдээ энэ уриаг 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ын дэвшүүлсэн уриа юм, уг нь. Тухай үед нэг их нөлөөлөгүй ч одоо хэр нөлөөлөх нь цаг хугацааны хэрэг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Битгий худал мэдэмхийр, бид өөрсдийнхөөрөө ойлгоно. Одоо тэгж элдвийн амьтдаар тархи толгойгоо угаалгахаа больсон шүү