Монголын кино урлагт “Говийн домог”, “Содура” зэрэг олон түүхэн болон баримтат УСК-гоороо үзэгчдийг байлдан дагуулсан “UB пикчерс” кино компанийн уран бүтээлчид “Мөнх хаан” кино төсөл хэрэгжүүлэх болсноо албан ёсоор зарлалаа.
Монголын эзэнт гүрний түүхэн их хаан Мөнхийн амьдрал, замналын тухай энэхүү киноны зохиол нь бэлэн болсон бөгөөд найруулагчид зохиол дээрээ ажиллаад эхэлжээ. Мөнх хааны үйл хэрэг бол Монголын эзэнт гүрний хамгийн ихээр мандан бадарсан яруу өргөн түүхийг хамарна. Киноны зураг авалт энэ агуулгаараа үлэмж цар хүрээтэй хийгдэх бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид бүх талаар судалгаагаа нарийвчлан хийж байгаа ажээ.
Түүхэн туульсын, уран сайхны бүрэн хэмжээний энэхүү бүтээлийг гадаад дотоодын олон үзэгчдэд зориулан бүтээх бөгөөд кино найруулагч, продюсер, кино жүжигчид өргөн далайцтай ажиллах онцгой томоохон төсөл юм.
Монголын түүх бол дэлхийн түүх байдаг. Энэ түүхийн үнэнийг зарим талаар гуйвуулах, өөрчлөх, бусад олон хэлбэрээр үнэнээс ангид харуулах явдал багагүй болсон энэ цагт монгол уран бүтээлчид, тэр тусмаа UBS телевизийн ерөнхий захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжаваар тэргүүлсэн багийнхан үнэнд хамгийн ойр дөхүүлсэн уран бүтээл хийнэ гэдгээ илэрхийллээ.
“Мөнх хаан” кино зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ү.Хүрэлбаатар, н.Батсүх, Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжгийн зохиолч Ш.Гүрбазар, МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаяр нар хамтран туурвижээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
сайхан кино хийх нь дээ
Saihan kino hiigeerei harj baiy