Малигийн хунтын дэглэмийг дэмжигч цэргүүд тус улсын шилжилтийн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг баривчлан, Катигийн цэргийн төв байранд хориод байгаа талаар Африкийн холбоо болон НҮБ-аас мэдэгджээ.
Энэ явдлаас хэдхэн цагийн өмнө Малигийн шинэ Засгийн газар халаа сэлгээ хийн, есөн сарын өмнө төрийн эргэлт хийж байсан хунтын дэглэмийн хоёр гишүүнийг хассан аж. Баруун Африкийн бүс нутгийн блок болон олон улсын хамтын нийгэмлэгийн бусад гишүүдийн гаргасан нэгдсэн мэдэгдэлд Ерөнхийлөгч Бах Н’Дау ба Ерөнхий сайд Моктар Оуан нарыг нэн даруй суллахыг шаардсан байна.
Уг мэдэгдэлд "Олон улсын хамтын нийгэмлэгээс албадан огцруулах зэрэг дарамт шахалтын аливаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна. Өнөөдрийн үйл явдал нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Мали улсыг дэмжих дайчилгааг сулруулах эрсдэлтэй гэдгийг анхааруулж байна" хэмээн бичжээ.
Үүнээс өмнө Малигийн төрийн эрхийг гартаа аваад байсан хунтын дэглэмийн удирдагчид олон улсын дарамт шахалтын улмаас засгийн эрхээ иргэний Засгийн газарт шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд Бах Н’Дау, Моктар Оуан нар өнгөрсөн оны 9 дүгээр сард тангараг өргөн, албан тушаалдаа очсон юм. Уг шилжилтийн Засгийн газар нь ирэх оны 2 дугаар сард ардчилсан, шинэ сонгууль зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан хэдий ч энэ удаагийн явдлын улмаас тэд амласан ёсоор чөлөөтэй хөдөлж чадах эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм.
Сонирхуулахад, НҮБ-аас жил бүр 1.2 тэрбум ам.долларыг Мали улсад энхийг сахиулах ажиллагаанд зарцуулдаг байна.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.