Малайзын нийслэл Куала Лумпурт өнгөрөгч даваа гарагт метроны хоёр галт тэрэг хонгил дотор мөргөлдөн, ослын улмаас 200 гаруй зорчигч гэмтэж бэртсэн гэж цагдаа нар мэдээлжээ.
Осол 21:00 цагийн үед болсон бөгөөд дүүрэн зорчигчтой явж байсан метро эсрэг чиглэлд нь хөдөлж байсан хоосон галт тэрэгтэй мөргөлдсөн байна. Олон нийтийн сүлжээгээр тархсан зургуудад мөргөлдөөний дараа метроны доторх шал хагарсан шилээр дүүрсэн байсан нь харагдсан бөгөөд гэмтэж бэртсэн зорчигчид бие биедээ тусалж байсан аж.
Нийт 200 гаруй зорчигчдын 47 нь хүнд, 166 нь хүндэвтэр гэмтэл авсан гэж албаны хүн мэдээлсэн байна. Цагдаагийн төлөөлөгч Мохамад Зайнал Абдулла "Метроны гал тэргүүд урд талаараа мөргөлдсөн бөгөөд үүссэн цохилтын улмаас зорчигчид шал руу шидэгдэн, улмаар гэмтэл авсан" хэмээн тэмдэглэжээ.
Мөн осол болох үеэр метронууд хурдтай хөдөлж байгаагүй гэдгийг албаныхан онцолсон байна. Нэг нь цагт 20 км хурдалж байсан бол нөгөө нь цагт 40 км-ийн хурдтай явж байжээ. Хоосон галт тэрэг нь дөнгөж засварт ороод байсан бөгөөд зорчигчтой метротой нэг замаар явж байсан аж.
Тэгвэл тус мөргөлдөөн нь ямар нэгэн гадны нөлөөнөөс болж үүсээгүй гэж мэргэжилтнүүд тогтоосон бөгөөд харилцаа холбооны алдаа гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байгаа юм.
Эх сурвалж: AFP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.