"Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэг жирэмсэн эхчүүдэд коронавирусийн эсрэг вакцин хийх судалгааны талаар мэдээлэл өгч асуултад хариуллаа. Олон улсын туршлагыг харахад жирэмсэн эмэгтэйчүүдэд сайн дурын үндсэн дээр вакцин хийж байна.
Эхний тунг жирэмсний 14-36 долоо хоногийн хооронд хийнэ. 2 дахь тунгаа 36 долоо хоногоос өмнө авч чадаагүй бол төрсний дараа хийнэ.
Өөрөөр хэлбэл, вакциныг 36 долоо хоногоос хойш хийхгүй. Төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцин хийнэ. Харин төрсний дараа хөхүүл эсэхээс үл хамааран 42 хоногийн дараа дархжуулалтад хамрагдаж болно гэв.
Түүнчлэн жирэмсэн эмэгтэйд Астразенека болон Спутник V вакцин хийхгүй. Учир нь үйлдвэрлэгч нарын зүгээс жирэмсэн эмэгтэйд хийж болохгүй гэсэн заалттай байгаа. Эрхтэн тогтолцооны эмгэгтэй бол эмчтэй зөвлөлдөж бусад вакцинд хамрагдах эсэхээ шийдэхийг зөвлөлөө.
-Жирэмсэн гэдгээ мэдэхгүй вакцин хийлгэсэн хүмүүс байна. Энэ хүмүүс яах вэ?
-Энэ өвчин гараад хоёр жил боллоо. Энэ хугацаанд вакцин хийлгэснээс болж ийм гаж хөгжил үүсчихлээ, ийм өөрчлөлт орсон гэсэн тохиолдол дэлхий дээр байхгүй. Жирэмсэн гэдгээ мэдэхгүй вакцин хийлгэсэн ч жирэмслэлтийг зогсоо гэдэг зөвлөмж өгөхгүй.
-АНУ, БНХАУ-д жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийж байгаа юм байна. 98 мянган жирэмсэн эх вакцин хийлгэсэн гэсэн. Үүнд ямар нэгэн урвал хүндрэл гарсан уу?
-Одоогоор вакцин хийлгэсэн эхчүүдэд гаж нөлөө үзүүлсэн гэсэн тохиолдол гараагүй. Жирэмсэн эхчүүд эмнэлгийн байгууллагад хяналтад орохдоо бүх зовуураа маш сайн хэлнэ. Ингээд эмнэлгийн ажилтны тусламжтайгаар вакцин хийлгэх, эсэх шийдвэрээ гаргах хэрэгтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.