Судалгааны "МЭК" хүрээлэнгийн захирал, судлаач Л.Золбаатартай Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн уриа болон сонгуулийн өнгө төрхийн талаар тодруулж ярилцлаа.
-Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн урианы талаар олон нийт янз бүрээр ярьж байна. Сонгуульд нөлөөлөх хүчин зүйлийн нэг мөн үү?
Судлаач Л.Золбаатар:
-Нэр дэвшигчдийн пиар багийн гаргаж ирсэн санаа шүү дээ. Цаанаа гүн гүнзгий утга агуулж байгаа биз. Ер нь сонгуулийн уриа саналд нөлөөлөх нь эргэлзээтэй. Сонгогчдын хувьд сонголтоо аль хэдийнэ хийсэн байгаа. Сонголтоо хийгээгүй, цөөхөн хүмүүст уриа нөлөөлөхгүй дээ.
У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нарын хувьд улс төрд олон жил явсан. Сонгогчдод сайн танигдсан. Харин Д.Энхбатын хувьд төдийлөн танигдаагүй. Сурталчилгааны хугацаанд танигдах гэж хичээх байх. Гэхдээ 14 хоног богино хугацаа.
-Энэ удаагийн сонгуулийг тайван болох нь гэсэн хандлага байна?
-Тайван сонгууль болох болов уу. Энэ удаагийн сонгуульд гол нөлөөлөх хүчин зүйл нь ирц байх болно.
-Цагаан сонголтын талаар их ярьж байна?
-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд цагаан сонголт их явсан. Гэтэл энэ удаагийн сонгуулийн өмнө энэ талаар хүчтэй яригдаж байна. Цагаан сонголт гэдэг бол хуулинд заасан эсэргүүцлийн хэлбэр юм. Аль ч нэр дэвшигч таалагдахгүй байна гэсэн үг.
Цагаан сонголтын эзлэх хувь энэ удаагийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх хэмжээнд байх болов уу. Ирцтэй холбоотойгоор нөлөөлөх хэмжээнд.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.