Сингапурын Үндэсний их сургуулийн эрдэмтэд коронавирусийн халдварыг нэг минутын дотор үнэн зөв илрүүлдэг амьсгалын сорилыг зохион бүтээж, хэрэглээнд нэвтрүүлжээ.
Тус их сургуулийн "Breathonix" стартап компанийн боловсруулсан энэхүү сорил нь замын цагдаа нарын ашигладаг согтуурлын түвшнийг хэмжих багажтай адил журмаар ажилладаг аж. Шинжилгээ өгч буй хүн тус сорилын нэг талын хавхлагын хоолой руу үлээсний дараа төхөөрөмжийн программ хангамж нь хүлээн авсан өгөгдлөө коронавирустэй хүнээс илрэх ёстой өгөгдөлтэй харьцуулан, хариуг гаргадаг байна.
Сингапурын эрх баригчид тус сорилыг Туасын шалган нэвтрүүлэх цэг дээр суурилуулан, Малайзаас ирж буй аялагчдаас туршилтаар шинжилгээ авахаар болжээ. Хэрвээ хариу нь "Эерэг" гарсан тохиолдолд нэмэлт "ПСР" шинжилгээ авч, баталгаажуулах аж.
"Breathonix" амьсгалын сорилыг бүтээгчид одоогоор гурван удаагийн эмнэлзүйн туршилт явуулаад байгаа юм. Хоёр удаагийн судалгааг Сингапурт хийсэн бол гурав дахь удаагийн туршилтыг Дубайд хийжээ. Нийт 180 өвчтөнийг хамруулсан Сингапур дахь клиник туршилтаар 93-95 хувийн үр дүн бүртгэгдсэн байна.
Коронавирусийн халдварыг оновчтой бөгөөд хурдтай тогтоох ийм төрлийн төхөөрөмж нь цар тахлын хямралд ороод буй аялал жуулчлалын салбарыг эргэн сэргээх гол түлхүүр болно гэж шинжээчид үзэж байгаа юм.
Эх сурвалж: The Japan Times