Чөлөөт бөхийн Олимпын медальт тамирчин болох Сушил Кумарыг Энэтхэгийн өөр нэгэн чөлөөт бөхийн тамирчныг хөнөөсөн хэрэгт сэжиглэн, баривчилсан гэж орон нутгийн цагдаа нар мэдээлжээ.
Хэргийг тодруулбал, энэ сарын 4-ний өдөр тус улсын нийслэл Шинэ Дели хотын чөлөөт бөхийн академид өрсөлдөгч бөхчүүдийн хооронд зодоон үүссэн бөгөөд энэ үеэр хохирогч Сагар Данхар ноцтой зодуулж, улмаар нас барсан байна. Энэ хэргийн дараагаар Кумар хууль хяналтынхнаас зугтан, Энэтхэг даяар аялан, нуугдсан аж.
"Чхатрасал" цэнгэлдэх хүрээлэнд болсон зодоонд оролцсон өөр нэгэн бөх халдлага үйлдсэн этгээдийг Сушил Кумар гэж тодорхойлсон болохыг цагдаа нар мэдэгдсэн байна. Албаныхан Дели бүс нутгаар эрэн хайгуул хийж, Кумарын баривчилгаанд хүргэх аливаа мэдээлэлд 1,350 ам.долларын шагнал санал болгоод байжээ. Харин Кумарын өмгөөлөгчид түүнийг гэм буруугүй гэж мэдэгдэн, цагдаа нарыг нэг талыг барьж байна хэмээн буруутгаж байгаа юм.
Сушил Кумар 2008 оны Бээжингийн олимпоос чөлөөт бөхийн төрлөөр хүрэл медаль хүртэж байсан бол 2012 оны Лондоны олимпоор мөнгөн медаль авч байжээ. Тэрээр мөн Дэлхийн аваргын цолтой бөгөөд Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмаас алтан медаль хүртэж байсан аж. Харин Сагар Данхар нь Өсвөрийн улсын аварга байсан бөгөөд Дели хотын цагдаагийн ажилтны хүү байжээ.
Энэхүү явдал нь Энэтхэгийн бөхийн ертөнцөд гарч буй хоёр дахь аллагын хэрэг юм. Уг хэргээс хэдхэн сарын өмнө тус улсын бөхийн дасгалжуулагч Сухвиндер Мор таван хүний амь насыг хөнөөсөн хэргээр баривчлагдсан билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.