БНХАУ-ын баруун хойд хэсэгт болж байсан уулын хэт холын зайн гүйлтийн тэмцээний үеэр цаг агаар огцом хүйтэрч, 21 хүн амиа алдсан гэж орон нутгийн хэвлэлүүд өнгөрөгч ням гарагт мэдээлжээ.
Тус улсын Ганьсу мужийн Байын хотын Шар мөрний чулуун ойн аялал жуулчлалын газарт зохион байгуулагдсан уг марафоны оролцогчид 100 км-ийн замыг туулах ёстой байжээ. Гүйгчид далайн түвшнээс 2,000-3,000 метрийн өндөрт орших уулын туйлын нарийн замаар уралдаж байсан аж. Гэвч бямба гарагийн шөнө цаг агаарын хэм огцом буурч, шуурга дэгдэн, хүчтэй аадар бороо орж, мөндөр буусан байна.
Орон нутгийн аврах багийн 700 гаруй алба хаагч шөнийн цагаар аврах ажиллагаа зохион байгуулж, нийт 172 оролцогчийн 151-ийг нь аюулгүй газарт хүргэжээ. Харамсалтай нь, 21 хүн аль хэдийн нас барсан байсан гэж Синхуа агентлаг мэдээлсэн юм. Амиа алдсан оролцогчдын дунд өмнө нь ийм төрлийн марафонд түрүүлж байсан нэрт гүйгч Лян Жин байсан аж.
Уг тэмцээнийг зохион байгуулсан Ганьсу Шэнжингийн спортын соёлыг хөгжүүлэх компанийн төлөөлөгч уралдааны өдрийн цаг агаарыг урьдчилан таамаглах боломжгүй байсан гэж мэдэгджээ. Гэвч Үндэсний цаг уурын сэрэмжлүүлэх мэдээллийн төвийн орон нутгийн салбараас өнгөрсөн гурав хоногийн турш хүчтэй салхи шуурга, мөндрийн эсрэг анхааруулж байсан аж.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.