Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа. Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн 1, 2 дугаар үе шат зуухны бүртгэл, хяналтын тогтолцооны маягтыг боловсруулан, мэдээллийн сан үүсгэжээ.
Түүнд тулгуурлан жил бүр тооллого хийх эрх зүйн баримт бичиг боловсруулсан, хэмжилтийн иж бүрэн багаж, тоног төхөөрөмж нийлүүлсэн, агаарын чанарын хэмжилтийн суурин харуулын мэдээг тухай бүр www.agaar.mn цахим хуудсаар мэдээлдэг болсон. Түүнчлэн агаарын чанарын хэмжилтийн иж бүрэн суурин харуул нийлүүлсэн зэрэг үр дүнтэй ажиллаж байгааг танилцууллаа.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун бүсийн сайжруулсан түлшний үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Зүүн бүсийн үйлдвэр рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллах юм.
Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор дүүрэг бүрд 10 мянган тонноос багагүй сайжруулсан түлшийг таваас есдүгээр саруудад нөөцөлж, сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулна. Туул гол дагуу улирлын чанартай, урамшуулалт орон тооны бус 15 эргүүл ажиллуулж, хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.