Цар тахлын үеэр баян чинээлэг болон ядуу буурай улс орнуудын хоорондын ялгаа улам бүр нэмэгдэж байгааг тэмдэглэсэн дэлхийн эрүүл мэндийн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт дуусжээ.
"Их Хорь" болон Европын Холбооны гүйцэтгэх удирдлагыг нэгтгэсэн Ромын дээд хэмжээний уулзалтын үеэр олон улсын эм үйлдвэрлэгч компаниуд энэ жилд багтаан 1.3 тэрбум гаруй тун коронавирусийн эсрэг вакциныг бага болон дундаж орлоготой орнуудад түгээхээ амласан байна. Тус уулзалтыг зохион байгуулагч Италийн Ерөнхий сайд Марио Драги эдгээр хувийн компаниудын оруулсан хувь нэмрийг "Онц бөгөөд гайхалтай" хэмээн тэмдэглэсэн юм.
Энэхүү амлалтын хүрээнд АНУ-ын "Pfizer" ба ХБНГУ-ын "BioNTech" компаниуд өөрсдийн вакцины нэг тэрбум тунг тараах бол "Johnson & Johnson" компани 200 сая тун, харин "Moderna" компани 100 сая тун вакцинаа нийлүүлэх аж. Бага орлоготой орнуудад вакциныг зардлынх нь үнээр олгох бол дундаж орлоготой орнуудад бага ашигтайгаар худалдаалах гэнэ.
Түүнчлэн "Pfizer", "BioNTech" компаниуд ирэх онд нэмэлт нэг тэрбум тун вакциныг түгээхээр амлаад байгаа бол Европын Холбооны улсуудын зүгээс 100 сая тун вакцин өгөхөөр болжээ.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гребесесус өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдлийнхээ үеэр хөгжингүй улс орнуудыг хүүхэд, залуучуудаа дархлаажуулахаасаа өмнө вакцинаа хандивлахыг уриалсан аж.
Эх сурвалж: Associated Press