БНСУ-ын "Samsung" группийн биотехнологийн салбар компани болох "Samsung Biologics" АНУ-ын "Moderna" компанитай гэрээ байгуулж, тус эм үйлдвэрлэгчийн коронавирусийн эсрэг вакциныг үйлдвэрлэхээр болсон гэж Засгийн газрын өндөр албан тушаалтан мэдэгджээ.
Тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хоёрын хооронд болох дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөөлөгчид Вашингтон дахь "Moderna", "Novavax"-ийн албан тушаалтнуудтай уулзах аж.
Нэгэн албаны эх сурвалж "Samsung Biologics нь Moderna-тай ойлголцлын меморандум байгуулахаар төлөвлөж байгаа бол SK Biosicence компани Novavax-тай тохиролцоонд хүрэх гэж байна. Гэрээ байгуулсны дараа тус хоёр компани эдгээр вакциныг үйлдвэрлэх зөвшөөрөлтэй болно. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхийлөгч Мүн оролцох төлөвтэй байна" хэмээн ярьжээ.
Үүнээс өмнөхөн БНСУ-ын эрх баригчид дархлаажуулалтын хөтөлбөрөө түргэсгэхийн тулд "Moderna" вакцины хэрэглээг зөвшөөрөөд байсан билээ. Мөн тус вакцины 40 сая тунг хүлээн авахаар тохиролцоод байгаа юм.
Эх сурвалж: The Korea Times