"Хүүхдийн төлөө фонд" ТББ хандивын тоглолтоор цугларсан 2,2 тэрбум төгрөгийг ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНд хүлээлгэж өглөө.
УИХ-ын 4 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан билээ. Тус сангийн дансыг өчигдөр буюу 5 дугаар сарын 20-нд албан ёсоор нээжээ. Хүүхдийн төлөө фонд ТББ, Соёлын яам хамтран 350 гаруй уран бүтээлч оролцсон хандивын тоглолт санаачлан зохион байгуулсан бөгөөд тус хандиваар цуглуулсан 2.2 тэрбум төгрөгийг өнөөдөр Хүүхдийн төлөө санд шилжүүлэн өглөө.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа:
-Монголынхоо сайхан сэтгэлт иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ард иргэд маань сүүлийн үед хүүхдүүдийн эмчилгээний зардалд фондынхоо мөнгөнөөс өгөөч ээ гэдэг асуудлыг дэвшүүлсэн байгаа. Хуулийнхаа хүрээнд гурван хэлбэрээр энэ сан зарцуулагдана.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалтаар зарцуулах юм. Тодруулбал, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байгаа болон болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, мөн амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулна.
Хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр бол эрүүл мэндийн даатгалын сангаас зохицуулалтууд явна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.