Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Нийслэлийн 24 дүгээр сургуулийн баруун талд байрлалтай 39 тоосгон гараашийг өнөөдөр албадан буулгаж байна. Өмчлөх эрхтэй газар биш тул нөхөн олговор олгохгүй хэмээн дүүргийн газар зохион байгуулалтын мэргэжилтэн мэдэгдэв.
Тус гараашуудыг иргэд дунджаар 10-12 сая төгрөгөөр худалдаж авсан, албан ёсны /цагаан гэх/ гэрчилгээтэй боловч, газар өмчлөх эрхгүй тул өнөөдөр Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ийнхүү буулгаж байна. Нэгэн иргэний ярьснаар "Чингэлтэй дүүргийн үе үеийн Засаг дарга нар гарааш барьж, иргэдэд худалдсан. Хүний хөрөнгө рүү хууль бусаар халдаж байна. Иргэд өнөөдөр хохирч байна" хэмээн хэлэв. Тэдний хувьд гараашийн нөхөн төлбөрийг заавал төлөх ёстой гэж үзэж байгаа бол дүүргийн газрын албан эсрэг байр суурьтай байна.
ЧД-ийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Ю.Одгэрэл:
-Анхнаасаа сургуулийн газар дээр баригдсан гараашууд. Одоо иргэд биш, "Бөмбөгөр" худалдааны төвд худалдаа эрхлэгчид агуулах хэлбэрээр ашиглаж байгаа. Энд гарааш барина гэсэн төлөвлөлт анхнаасаа ХОТОД байгаагүй.
Өмчлөх газар биш тул иргэдэд нөхөн олговор олгохгүй. Тэгээд ч цагаан гэрчилгээнийх нь хугацаа дууссан. 24 дүгээр сургуулийн эзэмшлийн талбай учир энд явган хүний зам, ногоон байгууламж, зогсоол барина гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.