Өмнөд Солонгосын Засгийн газар өөр өөр компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинуудын тунг холих талаар клиник туршилтыг явуулна гэдгээ мэдэгджээ.
Тус улсын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс хоёр удаагийн тунгийн хөтөлбөрт хоёр өөр төрлийн вакцин хэрэглэхийн аюулгүй байдал болон үр дүнгийн талаар туршилт явуулах бөгөөд Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлагийн удирдлага дор ажиллах аж. Европын зарим оронд уг вакцинжуулалтын аргыг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд тус судалгааны үр дүнгээс шалтгаалан БНСУ-ын эрх баригчид мөн зөвшөөрөл олгох эсэх нь тодорхой болох юм.
Испанийн төрийн мэдлийн "Карлос III" эрүүл мэндийн хүрээлэнгээс явуулсан судалгааны үр дүнд "АстраЗенека" вакциныг тариулсныхаа дараа хоёр дахь тундаа "Пфайзер" вакциныг тариулсан хүмүүст илүү өндөр үйлчилгээтэй эсрэг биет тогтож байгаа нь тогтоогджээ. Үүнтэй харьцуулахад, зөвхөн "АстраЗенека" вакцины хоёр тунг тариулсан хүмүүст тогтсон эсрэг биет нь арай бага үйлчилгээтэй байсан гэнэ.
Тэгвэл БНСУ-ын эрүүл мэндийн ахлах албан тушаалтан "Бид "АстраЗенека" вакцины эхний тунгаа тариулаад байгаа иргэдийн дунд судалгаа явуулж, тэдэнд "Пфайзер" эсвэл бусад зөвшөөрөлтэй вакциныг тарина" хэмээн мэдэгджээ. Клиник туршилтад янз бүрийн насны бүлгийн 400-500 хүнийг элсүүлэх болно гэж албаны хүн тэмдэглэсэн байна.
Тус улсад одоогийн байдлаар нийт хүн амынх нь 2.5 хувь буюу 1,180,516 хүн цар тахлын эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа юм.
Эх сурвалж: The Korea Times