БНХАУ Африк тивийн бараг 40 орчим орныг коронавирусийн эсрэг вакцинаар хангаж байгаа гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан тушаалтан Ву Пэн мэдэгджээ. Энэ нь Хятад улсын сайн дурын тусламжийн арга хэмжээ гэдгийг тэрээр онцолсон бол зарим шинжээчид үүнийг "Вакцины дипломат ажиллагаа" гэж үзэж байгаа юм.
Тус улсын зүгээс цар тахлын эсрэг вакциныг Африкийн орнуудад хандивлаж, эсвэл "таатай үнээр" зарсан гэж Ву Пэн өнгөрөгч пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлжээ. Тэрээр "Вакцинаа гадаадад нийлүүлэхээсээ өмнө өөрсдийн иргэдийг вакцинжуулж дуусгахыг хүлээх хэрэгтэй гэж мэдэгдсэн зарим улс орны хажууд Хятадын бодлого өөр" хэмээн харьцуулан ярьсан нь АНУ-ын талаар байсан юм.
Ву үргэлжлүүлэн "Хятадын ард түмнийг аль болох богино хугацаанд дархлаажуулалтад хамруулах нь хамгийн чухал асуудал хэдий ч бид дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байгаа бусад улс оронд вакцины тусламж үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийхийг хичээх болно" гэж ярьжээ.
Зарим улс орон АНУ-ыг их хэмжээний вакцины нөөцөө хадгалсаар байгаа гэж шүүмжилж байгаа билээ. Тэгвэл Ерөнхийлөгч Жо Байден ирэх зургаан долоо хоногийн хугацаанд нэмэлт 20 сая тун вакциныг дэлхийн улс орнуудад тараана гэж амлаад байгаа юм.
Эх сурвалж: Associated Press