Израил болон Палестины "Хамас" бүлэглэлүүд өнгөрөгч пүрэв гарагт харилцан гал зогсоохыг зөвшөөрч, 11 хоног үргэлжилсэн хор хөнөөлт дайныг зогсоожээ. Хоёр талын мөргөлдөөний улмаас Газын зурваст өргөн хүрээтэй сүйрэл болж, 200 гаруй хүн амиа алдсан билээ.
Харилцан гал зогсоох арга хэмжээ орон нутгийн цагаар шөнийн 02:00 цагт хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн Газын зурвасын оршин суугчид гудамжинд гаран, байлдааны төгсгөлийг тэмдэглэж эхэлсэн байна. Энэ удаагийн тулаан өмнөх гурван дайны адил тодорхой үр дүнгүй дууссан юм.
Израилын Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяхугийн Аюулгүй байдлын танхим Египетийн гал зогсоох саналыг санал нэгтэй хүлээн авсан гэж түүний албанаас мэдээлжээ. Нэтаньяху Израилын цэргийн дарга болон аюулгүй байдлын бусад дээд албан тушаалтнуудын зөвлөмжийн дагуу шийдвэрээ гаргасан байна.
Газын зурвасын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр мөргөлдөөний улмаас дор хаяж 230 палестин иргэн амиа алдсан бөгөөд тэдний 65 нь хүүхэд, 39 нь эмэгтэй хүн байсан аж. Мөн нийт 1,710 хүн шархаджээ. Харин Израилд 12 хүн амь үрэгдсэн байна.
Палестины 58 мянга орчим иргэн гэр орноо орхин, дүрвэсэн бөгөөд тэдний ихэнх нь НҮБ-ын сургуулиудад орогножээ. Израилын халдлага Палестины 18 эмнэлэг, нэг эрүүл мэндийн байгууламжийг сүйтгэсэн бөгөөд тус бүсийн бүх шаардлагатай эмийн хангамжийн бараг тал хувь нь дууссан байна. Мөн орон нутгийн 50 гаруй сургууль үгүй болсон учир бараг 42 мянган хүүхдийн боловсрол тасалдахад хүрээд байгаа юм.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
харилцан гал зогсоолоо гэх нь ч дээ... палестинчууд хамаг нөөцөө бараад хамаг юмаа сүйтгүүлчээд ... ингэж байхаар нэг мөр алалцаад дуусах хэрэгтэй юм даа