Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Говь-Алтай, Завхан аймгийн нутгаар бороо, нойтон цас орж, салхины хурд ихэнх нутгаар 7-12 м/с, зарим газраар 14-16 м/с, Говь-Алтай аймгийн нутгаар 28 м/с, зарим үед түр зуур 37 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
Тухайлбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны 13:45 цагаас шуурсан хүчтэй шороон шуурганы улмаас 15 өрхийн гэр, 12 өрхийн хашаа нуржээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, Нэгдсэн эмнэлэг, 27 орон сууц болон айлын байшингийн дээвэр хууларч, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга, гурван орон сууцны барилгын гадна өнгөлгөө, шилэн хаалга, 13 автомашины салхины шил хагарсан байна.
Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид байгууллага, орон сууц болон айлын байшингийн хууларсан дээврийн мод, төмрийг холдуулах, нурсан айлын гэрийг хураах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.