Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Мальдив улс 2100 он гэхэд устаж үгүй болох магадлалтайг тус улсын Байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, технологийн сайд Аминат Шауна өнгөрөгч лхагва гарагт мэдэгджээ.
Тэрээр "Цаг уурын өөрчлөлт бол бодит зүйл бөгөөд бид дэлхийн үүний сөрөг нөлөөг амсах хамгийн эмзэг улс. Манай улс, ард түмэн болон соёлын ирээдүй маань бидний өнөөгийн үйл ажиллагаанаас хамаарна" хэмээн ярьжээ.
Энэтхэгийн далайд орших тус арлын улс нь далайн түвшнээс ердөө нэг метрийн өндөрт байрладаг бөгөөд усны түвшний өсөлтөд маш өртөмтгий билээ. Мальдивын арлуудын 90 хувьд нь их хэмжээний үер ажиглагдаж байгаа бол 97 хувьд нь далайн эргийн элэгдэл бүртгэгдээд байгаа юм.
Аминат Шаунагийн хэлснээр тус улсын эрх баригчид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг аль болох багасгахын тулд хэд хэдэн хүчин чармайлт гаргаж байгаа аж. Эрэг орчмын бүс нутгийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд тус улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр дэлхийд тэргүүлэгч болохоор эрмэлзэн, ажиллаж байгаа гэнэ. Гэвч цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай гэдгийг Шауна онцолсон юм.
Эх сурвалж: Известия
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.