Бельгийн цагдаагийн хүчний алба хаагчид онц хүнд зэвсэглэсэн сэжигтэй этгээдийг эрэн хайж, баривчлах ажиллагааг Нидерландын хилийн ойролцоох бүс нутагт үргэлжлүүлж байна. Түүнийг оршин суугчид, ард иргэдэд ноцтой аюул учруулж болзошгүй тул иргэдийг ойртохгүй байхыг, харсан тохиолдолд цагдаагийн газарт шууд мэдэгдэхийг сануулжээ.
Эрэн сурвалжилж буй сэжигтэн Юрген Конингс нь цэргийн ангийн буудлагын багш бөгөөд зугтах үедээ хуарангаас их хэмжээний зэвсэг аваад явжээ. Тэрээр Бельгийн коронавирустэй тэмцэх ажлыг хариуцан удирдаж байсан вирус судлаач Марк Ван Ранстыг заналхийлсэн байна. Марк Ван Ранст болон түүний гэр бүлийг цэрэг цагдаагийн хүчин аюулгүй газарт аваачиж хамгаалжээ.
Сүүлд ирүүлсэн мэдээллээр Нидерландын хилийн ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд цэргүүд болон 350 цагдааг дайчлан тараасан байна. Орон нутгийн цагаар лхагва гарагийн орой 18 цаг 35 минутын үед зургаан удаа буудах, тэсэрч дэлбэрэх чимээ гарсан гэж хилийн ойролцоох оршин суугчид мэдээлжээ.
Хэт барууны үзэл баримтлагч этгээд чухам яагаад цэргийн зэр зэвсэг хулгайлсан нь тодорхойгүй байна. Цагдаа нар Конингсын гэрийн ойролцоо дөрвөн цагийн турш ойд хайгуул хийж, машиныг нь олсон ба машин дотроос нь танк эсэргүүцэгч пуужин дөрөв, сум олжээ. Гэсэн ч сэжигтэн олон тооны гар буу, автомат буу, сум нэвтэрдэггүй хантаазаар зэвсэглэсэн байгааг сэрэмжлүүлсэн байна. Мөн сэжигтний нуугдаж байж болзошгүй 12000 га талбайг хамрах цэцэрлэгт хүрээлэнг бүрэн хаажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.