Олон нийтийн сүлжээн дээр "Тесла" компанийг үүсгэн байгуулагч Элон Маскийн дүр эсгэн, зургаан сарын хугацаанд хоёр сая гаруй ам.долларын криптовалютыг луйвардсан этгээдүүдийг илрүүлсэн талаар АНУ-ын Холбооны худалдааны комиссын тайланд дурджээ.
Гэмт хэрэгтнүүд "Твиттер" олон нийтийн сүлжээн дээр Маскийн нэрийг ашиглан хуурамч хаяг нээснийхээ дараа хэрэглэгчдийг өөрсдийнхөө крипто түрийвчинд токен шилжүүлэхийг уриалдаг байсан байна. Тэд үүний хариуд их хэмжээний шагнал амладаг байжээ.
АНУ-ын криптовалютын зах зээл дээрх үүнтэй ижил төстэй луйврын схемүүдийн улмаас энгийн хэрэглэгчид нийт 80 сая ам.долларын хохирол амссан бөгөөд энэ нь жилийн өмнөхөөс 10 дахин их үзүүлэлт юм. Тус улсын Холбооны худалдааны комисс сүүлийн зургаан сарын хугацаанд янз бүрийн луйврын хохирогч болсон хэрэглэгчдээс долоон мянга орчим мессеж хүлээн авсан байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар биткойны үнэ 30 мянган ам.доллар хүртэл буурах, эсвэл 100 мянган ам.доллар болж өсөх боломжтой хэдий ч сөрөг хувилбар нь илүү давамгайлж байна. Энэхүү уналтын нэг шалтгаан нь "Тесла" компани биткойноор төлбөр тооцоо хийхээ зогсоосон явдал юм.
Эх сурвалж: Известия
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.