ХБНГУ-ын Засгийн газрын Эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудал эрхэлсэн сайд Франциска Гиффи нь докторын зэрэг горилсон зохиолоо бичихдээ бусдын бүтээлээс хулгайлсан гэх хэрэгт холбогдоод байгаа бөгөөд тэрээр өнгөрөгч лхагва гарагт огцорчээ.
Гэвч тэрээр энэ оны 9 дүгээр сарын 26-нд болох орон нутгийн сонгуулиар Берлин хотын захирагчид нэр дэвшихээр төлөвлөсөн хэвээрээ байгаа аж.
Берлиний Чөлөөт их сургууль Гиффигийн дипломын ажлын асуудлыг дахин авч үзэхээр болсноо зарласны дараа тэрээр "Доктор"-ын эрдмийн цолоо ашиглахаа болино гэж мэдэгдээд байсан билээ. Тус улсад докторын зэрэг нь ихэд өндрөөр үнэлэгддэг бөгөөд өмнө нь олон ахмад улстөрчийг асуудалд оруулж байсан юм.
2011 онд Батлан хамгаалахын сайд байсан Карл-Теодор зу Гуттенбергийн дипломын ажлын томоохон хэсгүүд нь түүний өөрийнх нь бүтээл биш болох нь тогтоогдсоны дараа докторын зэргээ алдаж, албан тушаалаасаа огцорсон байна. Энэ явдлаас хоёр жилийн дараа тухайн үеийн Боловсролын сайд байсан Аннет Шаваны төгссөн их сургуулиас түүний докторын зэргийг цуцалсны дараа тэрээр мөн огцорчээ.
Франциска Гиффигийн мэдэгдсэнээр Берлиний Чөлөөт их сургуулийн хорооноос шалгалт хийж дууссан бөгөөд түүнд ирэх 6 дугаар сар хүртэл хариу өгөх хугацаа өгсөн аж. Тэрээр өөрийн хариугаа нэн даруй өгнө гэж мэдэгдсэн хэдий ч их сургуулиас нь ямар дүгнэлтэд хүрсэн болохыг тодруулаагүй байна.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.