АНУ-ын хий, шатахуун дамжуулах хамгийн том хоолой Колониал энэ сарын эхэнд хакердуулж, систем нь бүрэн унтраад байсан бол өнгөрсөн долоо хоногт үйл ажиллагаагаа сэргээсэн. Тус компанийн зүгээс үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхийн тулд хакерчдын шаардсан мөнгийг өгөхгүй хэмээн мэдэгдэж байсан ч Зүүн эргийн түлш шатахууны хэрэгцээний тэн хагас орчмыг хангадаг хоолой унтарснаас шатахууны хомсдол үүсч, үнэ өссөн зэрэг бусад алдагдал их байжээ.
Тиймээс үйл ажиллагаагаа дахин хэвийн үргэлжлүүлэхийн тулд хакерчдад 4,4 сая ам.доллар төлсөн гэдэг мэдээллийг баталлаа. Энэ нь улстөрчдийн шүүмжлэлтэй тулгарч байгаа юм. Учир нь хулгайч, дээрэмчдэд мөнгө төлөх ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ. Засгийн газрын зүгээс хэрэв хакерчдад хүссэн мөнгийг нь төлөөд байвал амтшиж, дахин ийм төрлийн гэмт халдлага үйлдсээр байх болно гэдгийг анхааруулжээ.
Колониал шатахуун дамжуулах хоолойг хариуцсан захирал Жозеф Блонт хэдийгээр шийдвэр гаргахад маш хэцүү байсан боловч хэр удаан үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байх нь тодорхойгүй байсан тул хакерчдын шаардсан барьцааны мөнгийг төлөх шийдвэрийг гаргасан гэжээ.
9,000 км орчим үргэлжилсэн тус хоолой нь хоногт 2,5 сая баррель түлш шатахууныг зүүн эргийн мужуудад нийлүүлдэг. Тэндэхийн нийт түлш шатахуун, онгоцны түлшний хэрэгцээний 45 хувийг дангаараа бүрдүүлдэг. Уг халдлагын ард DarkSide хакерчдын бүлэг байгаа гэж шинжээчид дүгнэсэн.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.