СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-20

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын замын гүүрэн байгууламж, нүхэн гарцыг шинэ шийдлээр, цогцоор нь шийднэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар танилцуулсан. Ийн Засгийн газраас хэдэн чухал шийдвэр гарсны нэг нь Улаанбаатар хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулахаар болов. Хотын дарга “Өнөөдөр түүхэнд тэмдэглүүштэй томоохон арга хэмжээ боллоо. Монгол Улсын Засгийн газар анх удаагаа нийслэл Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлаар сэдэвчилсэн байдлаар өргөтгөсөн хуралдаан хийж, шийдвэр гаргалаа. Улаанбаатар хотын 1.5 сая иргэдэд хүрсэн, хүртээмжтэй, ялангуяа түгжрэлийн асуудлыг богино хугацаанд шийдэх боломж, бололцоог олгосон томоохон шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар анх удаа гаргаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдад баярлалаа” гэлээ. Хотын дарга сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Нийслэлийн түгжрэлийг бууруулахад нэн тэргүүнд ямар ажил хийх вэ?

-Нийслэлчүүд, тэр дундаа хүн амын 50 хувь амьдарч байгаа, нийт эдийн засгийн 64.7 хувь төвлөрч байгаа нийгэм, эдийн засгийн цогцолбор томоохон төвийг Засгийн газрын зүгээс онцгой анхаарч, шийдвэр гаргаж байгаад талархал илэрхийлье. Гүүр болон замын байгууламжийг өргөтгөх, нэмэгдүүлэх, уртасгах гээд Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг иргэд мэдэж байгаа. Нийслэл Улаанбаатар хотод 2010 онд авто замын урт 954 км, 236 мянган тээврийн хэрэгсэл  хөдөлгөөнд оролцож байсан. Түүнээс даруй 10 жилийн Улаанбаатар хотод зорчиж байгаа нийтийн тээвэр гурав дахин нэмэгдэж, 620 мянган орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Түгжрэлийн асуудал иргэдийг бухимдуулж байна. Мөн үргүй зарцуулалт, үр ашиггүй хуваарилалт, бусад эдийн засгийн үр ашиггүй тооцоо, судалгаануудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран гаргасан. Бид маш их алдагдал хүлээж байна.. Энгийн үед хөдөлгөөнд оролцох хурд 13 км цаг байдаг бол оргил ачааллын үед 8-9 км цаг болж байна. 2030 онд гурван км цагийн хурдтай болж, тээврийн хэрэгслээр зорчих ямар ч боломжгүй болох юм. Өнөөдөр Улаанбаатар хотод автомашины хэрэглээ улам бүр нэмэгдэж байна. Судалгаанд оролцсон нийт 4000 гаруй иргэний 34 хувь нь шинэ машин авна гэсэн байна. Масс транзит буюу их хотын амьдрал, нийгмийн асуудлыг зохицуулах нийтийн тээврийг бий болгох үүрэг, даалгаврыг Ерөнхий сайд өглөө. Үүний техник, эдийн засгийн үзүүлэлтийг маш богино хугацаанд боловсруулах зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ оны төсөв дээр нийслэл Улаанбаатар хотод гурван тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр тавьсан. Шийдвэр гарсны дараа бид техник, эдийн засгийн үндэслэлээ улам боловсронгуй болгож зарлана.

-Нийслэлд метро байгуулах талаар олон жил ярьж байна. Ямар шинэ шийдэл байна вэ?

-Япон Улс 2010 оноос хойш метроны төсөл дээр маш их анхаарал хандуулж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хийсэн. Орчин үеийн шийдэлтэй 17 км урт хэвтээ тэнхлэгийн хөнгөн галт тэрэгний техник, эдийн засгийн үндэслэлийг ахиж шинэчлэх шаардлагатай байгаа. Босоо тэнхлэг нь 7 буудлаас Буянт-Ухаа хүртэл, хоёр тэнхлэгээр явах метро хийхээр бэлтгэнэ. Түгжрэлийг бууруулахад Засгийн газраас дэмжлэг үзүүлж байгаа нь цаг үеэ олсон, онцгой шийдвэр байлаа. Улаанбаатарчууд маань төр засгаас бодлогоор дэмжиж, хэрэгжүүлж байгаа ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй. Үүний ард маш олон ажлын байр бий болно. Ялангуяа Улаанбаатар хотын замын байгууламжид гүүрэн байгууламж, нүхэн гарцуудыг нэмэх, их бүтээн байгуулалтад дотоодын болон үндэсний компаниуд өргөнөөр оролцох нь тодорхой. Энэ бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж, хэрэгжүүлэх, санхүү, хөрөнгийн эх үүсвэрүүдийг босгох, улсын төсвийн хөрөнгө оруулалтад үе шаттайгаар суулгах ажлуудыг 2024 он хүртэл эрчимтэй, зохион байгуулалттай, өндөр үр ашигтай хийж хэрэгжүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын зүгээс нийслэлийн удирдлагуудад их итгэл хүлээлгэж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх үүрэг, чиглэл өгсөнд урамшиж байна. Одоогоор шийдвэр гараагүй байгаа учир техник, эдийн засгийн үндэслэл гаргаад, төсвийн мөнгийг шууд зарцуулж болохгүй. Бид техник, эдийн засгийн үндэслэлээ гаргах ажлаа шуурхай эхэлнэ.

 -Өнөөдрийн байдлаар түгжрэлийг бууруулахаар ямар ажлууд хийж байна вэ?

-Бид замын байгууллагын мэргэжлийн хүмүүстэйгээ хамтран ажиллаж байгаа. Энэ дөрвөн жилийн хугацаанд эхний ээлжид явган хүний замыг 84 км, дугуйн замыг 249 км-ээр төлөвлөж байна. Саппорогийн уулзвар болон 32-ын тойргийн уулзваруудын талаар нийгмийн сүлжээгээр буруу ойлголт явж байна. Улаанбаатар хотын гол замын уулзварууд дандаа нэг тэнхлэг дээр очиж огтлолцдог. Бүгд гэрлэн дохион дээр очиж зогсдог. Яармагийн түгжрэл, хотын төвийн түгжрэл бүгд гэрлэн дохион дээр очоод гацдаг. Үүнийг  огтлолцдог хоёр замын тэнхлэгээр зохицуулах хэрэгтэй. Казахстан Улсын Алмата хотын түгжрэлийн асуудал хүндрээд, шийдэл нь хоёр замын огтлолцол байсан. Манай улс нэг уулзвараас нөгөө уулзварт түгжирдэг. Өндөр ачааллын үед нэг км замыг туулахад 10 минут зарцуулж байна. Энэ нь олон улсын үнэлгээгээр F буюу хамгийн муу үнэлгээ. Муу үнэлгээ нь сүйрэл гэсэн үг. Эдийн засгийн, стресс бухимдлын сүйрэл. Энэ ажлын талаар өдөр тутамдаа мэдээлэл хүргэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Роза
2 жилийн өмнө
202.126.89.170

Явган хүмүүсдээ зам бэлдэж өг! Явах зам алга, гүүрэн гарцуудыг үзэмжтэй хялбараар шийд, худлаа баахан мөнгө зараад аймшигийн үзэмжгүй юм бүү хий! Бууж өгсөхөд аль болох амар гүүрэн гарцуудыг гол гол замууд дээрээ хиймээр бн! Гэрлэн дохио хүлээж удаан зогсохгүй цаг хэмнэнэ, дээр нь машинаар явж байсанаас алхах нь илүү цаг хэмнээд бас эрүүл мэндэд дээр..

Зочин
2 жилийн өмнө
202.9.41.38

Ман -намынхан юм хийхгүй зайлмаар юм Хулаа энгэнэ-тэгнээ гээд хоосон ярих юм.өвчнөөр далимдуулаад хийхгүй юм өвчнөө дармаар шууд шуурхай ажиллах нь чухал өөрөө мэдэхгүы болмэддэг хүнээр хиилгээд дагаад яваад байгаач бөх гэхээрээ заал иым мангар баыдөг гоё үг олж уран ярих гээд байхын ман намынхан бүгд ийм цүнх чбаригч тэнэгүүд байх з

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.