Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Индонези дэх эртний хадны зургууд асар хурдтай арилан, устаж байгааг судлаачид тогтоожээ.
Тэдний нэг нь 45,500 жилийн өмнө Сулавеси арлын нэгэн хадан дээр зурсан зэрлэг гахайн дүрслэл юм. Энэхүү зураг нь амьтныг дүрсэлсэн дэлхийн хамгийн эртний хадны зураг билээ. Тус бүс нутгийн бусад агуйд байрлах ан агнуурын үзэгдэл болон ер бусын амьтдыг харуулсан зураг, дүрслэлүүд ч мөн дэлхийн температур нэмэгдэхийн хэрээр устаж, үгүй болж байгаа аж.
Австрали, Индонезийн судлаачдын багын олж тогтоосноор агаарын температур нэмэгдэхийн хажуугаар урт удаан хугацааны ган гачиг болон борооны улирал гэх мэт цаг агаарын эрс тэс хэв шинжүүдийн улмаас агуй доторх давсны хуримтлал хурдацтай өсөх болсон байна. Уг давс нь хүрээлэн буй орчин нь халах, хөрөхтэй зэрэгцэн томорч, агшдаг аж. Халуун өдрүүдэд энэхүү геологийн давс нь анхны хэмжээнээсээ гурав дахин их томрох боломжтой гэнэ. Хадны зураг дээр болон ард нь байрлах эдгээр давсны талстууд нь зургийн хэсгүүдийг агуйн хананаас салан, унахад хүргэдэг аж.
Уг судалгааны үр дүнд эдгээр үнэлж баршгүй урлагийн бүтээлүүдийг хадгалан үлдэхийн тулд илүү их зүйл хийх шаардлагатай байгааг эрдэмтэд онцолжээ. Судалгааны ахлагч болох Гриффитийн нийгэм, соёлын судалгааны төвийн доктор Жилиан Хантли "Дэлхийн температур цаашид өсөх тусам энэхүү гайхамшигт хадны урлагийн доройтол улам даамжирна. Бид яаралтай нэмэлт судалгаа хийн, эдгээр хадны зургуудыг хадгалж үлдэх шилдэг арга замыг олж тогтоох хэрэгтэй байна" хэмээн ярьжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.