Google хайлтын систем таны авсан зургаар үс, хумс, арьсыг тань оношлох хиймэл оюун ухаан ашиглаж эхэлжээ. Уг шинэ үйлчилгээг энэ оны сүүлчээр хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.
Арьс судлалын туслах нэртэй туршилтыг хөгжүүлж байгаа гэдгээ жил тутамд болдог Google IO хөгжүүлэлтийн бага хурал дээр танилцуулжээ. Энэ шинэ үйлчилгээнд Европт эмчилгээний хэрэгслээр ашиглах CE тэмдэгтийг олгосон байна. Хорт хавдар судлалын мэргэжилтний хэлснээр хиймэл оюун ухаан эмч нарт өвчтөнд илүү тохирох эмчилгээ хийх боломжийг олгоно гэжээ.
Google-ын арьсны туслах 288 төрлийн арьсны нөхцөл байдлыг таних боломжтой боловч эмнэлгийн түвшинд оношлогоо, эмчилгээг орлохгүй гэдгийг анхааруулжээ. Тус апп-ыг хөгжүүлэхэд гурван жилийн хугацаа зарцуулж, туршилтыг 65,000 зурган дээр явуулсан байна.
Арьс, үс, хумсныхаа асуудалд санаа зовсон 10 тэрбум орчим хайлт жил бүр илэрдэг ажээ. Хэдийгээр Google-ын арьсны туслахыг Америкийн Хүнс, эм бэлдмэлийн газар зөвшөөрөөгүй байгаа ч үүнтэй төстэй Британийн Оптеллум фирмийн бүтээсэн уушгины хорт хавдар илрүүлэх механизмыг зөвшөөрсөн юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.