Номхон далайн өмнөд хэсэгт Соломоны арлуудын оршин суугч гэрийнхээ арын хашаанд нүх ухаж байгаад их хэмжээний дэлбэрээгүй тэсрэх бөмбөг олжээ. Нийслэл Хониарад амьдардаг эрэгтэйн хашаанаас дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсэрч дэлбэрээгүй үлдсэн 100 гаруй тэсрэх бөмбөг гарч ирсэн байна.
Эрэгтэй тэсрэх бөмбөг олсон даруйдаа Соломоны арлуудын эзэн хааны цагдаагийн хүчний Тэсрэх бодис устгах албанд дуудлага өгчээ. Дуудлагын дагуу ирсэн мэргэжилтнүүд АНУ-д үйлдвэрлэсэн 105 мм-ийн өндөр түвшний тэсэлгээний 101 ширхэг бөмбөгийг ухаж гаргасан байна. Тэдгээр бөмбөгүүдийг аюулгүй газарт шилжүүлж салгахаар болжээ.
Энэ удаагийн үйл явдал нь Дэлхийн хоёрдугаар дайнд Номхон далайн арлын улсууд багагүй өртөж, мянга мянган тэсрэх бөмбөг хаяж байсныг гэрчилж байгаа юм. Соломоны арлуудаас гадна Папуа Шинэ Гвиней, Палау улсуудаас тэсрээгүй үлдсэн тэсрэх бөмбөг олдсоор байна.
Энэ сарын эхэнд Хониарад дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөг дэлбэрч, хоёр эрэгтэй амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Дайны дараа холбоотон орнууд UXO систем ашиглан тэсрэх бөмбөгүүдийг илрүүлж, аюулгүй болгосон ч бүрэн шалгаагүй нутаг дэвсгэр маш их үлджээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.