БНХАУ-ын хамгийн өндөр барилгуудын нэг болох "SEG Plaza" өнгөрөгч мягмар гарагийн 13:00 цагийн үед савлаж эхэлсэн бөгөөд дотор нь байсан иргэд сандралдан барилгаас гарч, Шэньжэнь хотын төвд үймээн самуун үүсжээ.
Ойролцоогоор 300 метрийн өндөртэй уг цамхаг гэнэт савлаж эхлэхэд албаныхан барилга доторх хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр мягмар гарагийн 14:40 цагийн байдлаар барилгыг битүүмжилсэн бөгөөд Онцгой байдлын албаны ажилтнууд шалгалт хийж эхэлсэн аж.
2000 онд баригдаж дууссан "SEG Plaza" цамхагт цахилгаан хэрэгслийн томоохон худалдааны төв болон төрөл бүрийн оффис байрладаг юм. Онцгой байдлын албанаас гаргасан мэдэгдэлд "Хотын хэмжээнд газар хөдлөлтийг хянах хэд хэдэн станцын мэдээллийг шалгаж, дүн шинжилгээ хийсний үр дүнд Шэньжэнь хотод өнөөдөр газар хөдлөлт болоогүй гэж дүгнэсэн" хэмээн бичжээ.
Футиан дүүргээс мөн мягмар гарагийн орой мэдэгдэл гаргаж, цамхаг дотор байсан бүх хүнийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн бөгөөд барилга дахин савлаагүй гэдгийг дурджээ. Үзлэг хийсэн мэргэжилтнүүд "Барилгын үндсэн бүтэц болон хүрээлэн буй орчноос аюулгүй байдлын хэвийн бус байдал илрээгүй. Мөн барилгын дотор болон гадна талын эд ангиуд гэмтээгүй" хэмээн мэдээлсэн байна.
Дэлхийн хамгийн өндөр барилгуудын тав нь БНХАУ-д байрладаг бөгөөд үүний дунд дэлхийн хоёр дахь өндөр барилга болох 632 метр өндөртэй Шанхайн цамхаг багтдаг юм. Гэвч Хятадад барилга нурах тохиолдол тийм ч ховор үзэгдэл биш аж. Тус улсын хурдацтай бүтээн байгуулалт болон барилгын стандартын сул хяналтын улмаас барилга байгууламжийг яаран сандран барих нь элбэг байдаг байна.
Эх сурвалж: AFP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
i
Seg plaza gn shuu ner n muuxai yum bn