Испанийн боомтын хот Сеутад өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд 8,000 орчим цагаач иргэн Марокка улсаас далайгаар дамжин иржээ. Испани улсын Засгийн газар Умард Африкаас цагаачид олон мянгаараа ирж байгаа Сеута хот руу цэрэг илгээгээд байна.
Тэдгээр олон мянган цагаачдын дунд 1,500 орчим бага насны хүүхдүүд байна. Тэд далайн хилийн хашааг даган сэлж, далайн түрлэгийг даган алхсаар ирсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ. Испанийн Ерөнхий сайд Педро Санчез дэг журмыг эргэн тогтоож, тэдгээр 8,000 хүний тэн хагасыг Марокка руу буцааж илгээхээ мэдэгдээд байна.
Олон мянган хууль бус цагаачдаас үүдэлтэй Марокка улстай дипломат харилцаа хурцадмал байдалд шилжсэн. Тиймээс Ерөнхий сайд өөрийн биеэр Сеута, Мелилла эргийн хотуудад очиж ажиллажээ.
Испанийн Гадаад хэргийн сайд өөрийн төлөөлөгчдөө үүссэн нөхцөл байдлыг “жигшмээр” гэж хэлсэн тул Мароккагийн Засгийн газар консулын албаны элч төлөөлөгчөө эргүүлэн татсан байна. Цагаач иргэд Сеута хотын Таражал нэртэй газраар дамжин нэвтэрч байгаа тул тэндэхийн хилийн харуул хамгаалалтад туслах цэргүүдийг илгээсэн. Одоогоор 200 цэрэг, цагдаагийн 200 албан хаагч дайчлагджээ. Испанийн иргэнийг хамгаалах албаны офицерууд далайн усанд байгаа хүүхдүүдийг аврахаар ус руу орж байна.
Мягмар гарагийн орой гэхэд далай тэнгисээр дамжин сэлж ирэх цагаачдын тоо буурч, зарим нь сайн дураараа Марокка руу буцжээ. Мөн зарим нь цэргүүдэд баригдсан байдалтай байна. Далайн эргийн Сеута, Мелилла хотууд Африкийн цагаач, орогнол хүсэгчдийн Европт хүрэх хамгийн гол гарц болдог юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.