Дэлхий даяарх нэг удаагийн хэрэглээний хуванцар эдлэлийн хог хаягдлын талаас илүү хувь нь ердөө 20 компаниас гаралтай болох нь судалгаагаар тогтоогджээ.
Лондонгийн Эдийн засгийн сургуулийг оролцуулсан консорциумаас явуулсан судалгааны хүрээнд нэг удаагийн бүтээгдэхүүнд шаардлагатай түүхий эдийг үйлдвэрлэдэг мянга орчим үйлдвэрийг судалсан байна. Хуванцар сав, хүнсний баглаа, боодол, гялгар уут зэрэг тэрбум гаруй зүйлийг хүмүүс нэг удаа хэрэглээд, хаядаг бөгөөд эдгээр нь ихэвчлэн далайд хаягддаг аж.
Эрдэмтэд бүх хуванцар материалын гол суурь болох полимерийг үйлдвэрлэдэг компаниудыг судлан, хуванцар хангамжийн гинжин хэлхээний ард хэн байгааг тогтоох гэж зорьсон аж. Үүний үр дүнд тэд дэлхийн нэг удаагийн хуванцар хог хаягдлын 55 хувийн эх үүсвэрээр 20 нефть-химийн компанийг нэрлэсэн байна.
Тэгвэл АНУ-д төвтэй "ExxonMobil" хэмээх нэг удаагийн хэрэглээний хуванцар үйлдвэрлэгч компани энэхүү жагсаалтыг тэргүүлсэн байна. Бусад компаниудаас дурдвал АНУ-ын "Dow", БНХАУ-ын "Sinopec", БНСУ-ын "Lotte Chemical", Их Британийн "INEOS" зэрэг корпорацууд байгаа аж.
Уг судалгааны явцад мөн аль улс нэг удаагийн хуванцар хог хаягдлыг хамгийн ихээр үүсгэдэг болохыг хүн амын тоонд нь үндэслэн тогтоосон байна. Энэхүү үзүүлэлтийг Австрали улс тэргүүлсэн бол АНУ хоёрдугаарт бичигджээ.
Коронавирусийн цар тахлын үед амны хаалт ба бусад хамгаалалтын болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэрэгцээнээс үүдэн хуванцар бүтээгдэхүүний эрэлт өссөн байна. Түүнчлэн дэлхий даяарх хуванцрын үйлдвэрлэл нь ойрын таван жилд 30 хувиар өргөжин, нүүрстөрөгчийн ялгаралтыг нэмэгдүүлж, илүү их хуванцар хог хаягдал бий болгох төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.