БНХАУ-д гэр бүлийн салалтыг албан ёсоор баталгаажуулахаас өмнө 30 хоног буюу нэг сарын турш хүлээх хууль энэ оноос хэрэгжиж эхэлжээ. Уг хууль хэрэгжсэнээр энэ оны эхний улиралд гэр бүл салалт өмнөх жилийн мөн үеэс 70 хувиар буурсан үзүүлэлтийг харуулсан байна.
Хятадын Иргэний хэрэг эрхлэх яамны мэдээллээр 2021 оны эхний гурван сард 296,000 салалт бүртгэгджээ. Энэ нь 2020 оны эхний гурван сарын гэр бүл салалтын бүртгэлээс сая гаруйгаар буурсан үзүүлэлт байна. Өнгөрсөн жилийн эхний улиралд 1,06 сая гэр бүл салсан хэмээн бүртгүүлж байжээ.
Тус улсад салалт тогтмол нэмэгдэж, эсрэгээрээ гэрлэлт болоод төрөлт буураад байгаа юм. Тиймээс Засгийн газар уламжлалт гэр бүлийн үнэ цэнийг хадгалж, гэрлэлтийг өсгөж, салалтыг бууруулахын тулд 30 хоногийн хугацаа өгөх хуулийн төслийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн байна.
Хэрэв гэр бүлээ салгаж байгаа хос 30-60 хоногийн хугацаанд ямар нэг шийд гаргаж, хүсэлт илгээхгүй бол тэдний хүсэлтийг албан ёсоор цуцлах ажээ. Гэхдээ энэ нь гэр бүлийн хүчирхийлэл, хүн амины гэмт хэрэгт холбоотой салалтад хамааралгүй байна.
Түүнчлэн уг хуулийн төсөл батлагдах үед залуус, тэр дундаа эмэгтэйчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Учир нь уг хууль залуусыг гэр бүл болж бүртгүүлэхээс зайлсхийхэд хүргэнэ хэмээн шүүмжилж байжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.