Налайх дүүргийн 7-р хорооны иргэн Д.Доржханд үхрийн нүд, улаан лоолийг хэрхэн зөв тарьж ургуулах зөвлөгөөг өглөө.
Налайх дүүргийн 7-р хорооны иргэн Д.Доржханд:
Би хүүхэд ахуй цагаасаа нагац эгчийгээ дагаж ногоонд явсаар байгаад ногооны талаар багахан мэдлэгтэй болж байлаа. Ингээд хороо, хориныхоо иргэдэд ногоо бут хэрхэн тарьж ургуулах талаар үнэ төлбөргүй зааж сургадаг болсон.
Үхрийн нүдний бут 5-6 дугаар сард цэцэглэж дуусдаг. Цэцэглэж дуусахаас нь бутаа хамгаалахгүй бол тухайн жилдээ жимс ургадаггүй. Хамгаалахын тулд цочир хүйтрэхээс өмнө үхрийн нүдээ гялгар уутаар хучиж хамгаалах ёстой.
Үхрийн нүдийг тарихын тулд 50 см гүнзгий нүх ухаад түүндээ суулгадаг. Ингэхийн тулд шинэ суулгацаа шууд хар шороогоор нь булж болдоггүй. 50 хувь хар шороо, 30 хувь нь хөх бууц, 20 хувьд нь элс хийж суулгаснаар сайн ургадаг. Гэхдээ жирийн элс биш харин голын элс авч суулгах ёстой. Жирийн элс хоорондоо барьцалдаад ургадаггүй.
Бутаа суулгахдаа эгц биш заавал 45 градусын налуу байрлуулж суулгах ёстой. Налуу байрлуулж суулгаснаар маш сайхан өтгөн бут болж ургадаг. Үхрийн нүдийг зөв сайхан суулгаж ургуулж чадвал нэг бутнаас 5-8 кг жимс авч болдог. Үхрийн нүд рүү савтай ус шууд цутгаж усалдаггүй. Харин заавал шүршүүрээр зөөлхөн гоожуулж услах ёстой байдаг.
Манай хашаанд цэвэр жимсний төрлийн 40-өөд төрлийн мод бут ургаж байна. Ногоо бут тарьж ургуулдаг айлын хүүхэд маш хөдөлмөрч хүн болж төлөвшдөг.
Сүүлийн үед өвөл, зуны хүлэмжийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Өвөл зуны хүлэмжтэй болсноор гаднаас ямар ч хүнсний ногоо худалдан авах шаардлагагүй болдог. Би хүлэмжиндээ голланд сортын артишок, чинжүү, улаан лооль зэрэг олон төрлийн ногоог үрслүүлж ургуулж байна.
Сайн сортын улаан лооль тарьж ургуулж чадвал нэг бутнаас 8-10 кг улаан лооль хураан авдаг. Хураан авсан улаан лоолио миксердээд хадгалбал жилийн турш цоо шинэ улаан лооль идэх боломж бүрдэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.