Дэлхийн энх тайвны бэлэг тэмдэг болсон Олимпын наадмын өвлийн уралдаан тэмцээн ирэх 2022 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болно. Гэвч тус улсад хүний эрх зөрчигдсөөр байгаа тул Бээжингийн өвлийн Олимпын наадмыг бойкотлох албан ёсны хүсэлтийг Олон улсын Олимпын хороонд илгээжээ.
Уг хүсэлтэд “Хятадын Засгийн газар Уйгурын ард түмний эсрэг аймаглан устгах гэмт хэрэг үйлдэж, зүүн Туркистан, Түвд, Өвөр Монголд хэлмэгдүүлэлт, хавчин дарамтлах ажлыг явуулж байна. Үүний зэрэгцээ Хонконгийн ардчилалд халдаж, Тайваний эсрэг геополитикийн дайралт хийж байна” хэмээн өгүүлсэн байна.
Дэлхийн Уйгурын хурал, Түвдийг чөлөөл оюутны холбоо, Уйгуруудын аян, Бид бол хонконгчууд, Өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн төв, Цаазын ялын эсрэг Хятад, Түвдийн хэрэг эрхэлсэн хүрээлэн зэрэг байгууллагууд Бээжингийн Олимпыг бойкотлох хүсэлт, уриалгад нэгджээ.
Ойрын саруудад хүний эрхийн олон улсын байгууллагууд Олон улсын Олимпын хороотой уулзаж байгаагаас гадна Хятадад Олимпын наадам зохион байгуулахыг эсэргүүцсэн уриалгууд улам бүр нэмэгдсээр байгаа юм. АНУ-ын Төрийн департамент, Нидерланд, Канад зэрэг улс орнуудын Засгийн газар Хятадын баруун бүсийн Шинжаанд геноцид, хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж байгаа хэмээн хүлээн зөвшөөрсөн.
Бээжингийн өвлийн Олимпын наадам 2022 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр буюу Токиогийн Олимпоос зургаан сарын зайтай эхлэх юм.
Эх сурвалж: Yahoo Sport
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.