Коронавирусийн эсрэг тэмцэлдээ амжилт олон, дэлхийн улс орнуудын дунд жишээ болоод байсан Тайваньд цар тахал эхэлснээс хойших хамгийн том халдварын давлагаа дэгджээ.
Орон нутгийн эрх баригчид нийслэл Тайпей болон Шинэ Тайпей хотын онц байдлын түвшнийг дээшлүүлэн, гуравдугаар түвшний хязгаарлалтыг тогтоосон байна. Хоёр долоо хоногийн турш мөрдөгдөх энэхүү арга хэмжээний хүрээнд иргэд амны хаалтаа зүүх шаардлагатай болох бөгөөд гадаа цугларах иргэдийн тоог 10 хүнээр хязгаарлажээ.
Түүнчлэн кино театр, музей, усан бассейн, соёл амралтын хүрээлэн, коллеж болон ахмад настны төвүүдийн үйл ажиллагааг хаасан байна.
Албаныхны мэдээлснээр тус арлын дотоодын халдварын тоо нь 180 тохиолдлоор нэмэгдсэн бөгөөд дийлэнх нь Тайпей, Шинэ Тайпейд бүртгэгдсэн байна. Үүнээс өмнө Тайванийн дотоодын халдварын тоо нь зөвхөн 164 байсан юм.
24 сая орчим хүн амтай Тайваньд нийт 1,475 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс ихэнх нь гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн билээ. Тус арлын эрх баригчид цар тахлыг харьцангуй эрт хяналтдаа аваад байсан хэдий ч сүүлийн долоо хоногт дотоодын халдварын тохиолдлын тоо гурав дахин өссөн байна.
Эх сурвалж: Associated Press