Номхон далайн арлын жижиг улс болох Самоад урьд өмнө үзэгдээгүй улс төрийн драмын төгсгөл болж, иргэд нь анхны эмэгтэй Ерөнхий сайдаа сонгожээ. Фиаме Наоми Мата'афа нь хааны удмаас гаралтай бөгөөд тус улсын анхны Ерөнхий сайдын охин аж.
Мата'афа өнгөрсөн 4 дүгээр сард болсон сонгуульд ялалт байгуулсан хэдий ч энэ явдал олон хүнийг цочроон, дахин сонгууль явуулж магадгүй нөхцөл байдал үүсээд байсан билээ. Гэвч тус улсын Дээд шүүхээс өнгөрөгч даваа гарагт эцэслэн шийдвэр гаргаж, Мата'афаг Ерөнхий сайд болсныг баталжээ.
Ингэснээр тэрээр 1998 оноос хойш Самоа улсыг удирдаж буй Ерөнхий сайд Туйлаепа Сайлеле Малиелегаоиг суудлаас нь босгосон байна. Малиелегаои нь Ерөнхий сайдын албан тушаал хашсан хугацаагаараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг юм. Гэвч энэхүү гэнэтийн ялалт нь 200 мянган хүн амтай Самоагийн ардчиллын шинэ үеийг авчирна гэж ажиглагчид үзэж байна.
Өмнө нь тус улсад нэг л нам давамгайлдаг байжээ. Хүний эрхийг хамгаалах нам нь өнгөрсөн 40 жилийн турш сонгуульд ялалт байгуулсан аж. Гэхдээ энэхүү тогтолцоо өнгөрсөн жилээс эхлэн нуран унах болсон юм. Хүний эрхийг хамгаалах намын хэд хэдэн гишүүн намаасаа гарч, өөрсдийн сөрөг хүчин болох "FAST" намыг байгуулсан аж. Мата'афа энэ оны 1 дүгээр сард тус намд нэгдэн, тун удалгүй манлайлагчдынх нь нэг болсон байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.