Арабын тэнгист дэгдсэн хүчтэй хар салхи өнгөрөгч даваа гарагт Энэтхэгийн баруун эрэгт хүрэн, 24 хүний аминд хүрчээ. Орон нутгийн эрх баригчид хэдэн зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг түр зогсоох шаардлагатай болсон байна.
"Tauktae" гэх нэртэй энэхүү хар салхи нь тус улсын баруун бүс нутагт сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тохиолдсон хамгийн хүчтэй шуурга аж. Энэтхэгийн Цаг уурын газрын мэдээлснээр хар салхи эхлээд Гужарат мужийг дайран, хүчтэй аадар бороо орж, салхины хурд цагт 165 км хүрсэн байна. Энэ үеэр тус мужийн 12 оршин суугч амиа алджээ.
Хар салхи цаашлан, Махараштра мужид хүрснээр зургаан хүн нас баржээ. Мужийн нийслэл Мумбай хотод их хэмжээний аадар бороо орж, хүчтэй шуурга дэгдсэн тул албаныхан хотын гол нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоосон байна. Мөн Керала, Карнатака, Гоа мужуудад зургаан хүний амь үрэгджээ.
Энэтхэг улсад цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед уг аюулт хар салхины улмаас байдал улам дордож байна. Байгалийн гамшгаас болж зарим мужид дархлаажуулалтын арга хэмжээг зогсоогоод байгаа бөгөөд олон хүн нэг дор цугларсан хорогдох байруудад халдвар тархах эрсдэл өндөр байгаа юм.
Түүнчлэн хар салхинаас болж замууд эвдэрсэн тохиолдолд коронавирусийн тусламжийн ажил удааширч, өвчтөнүүдэд шаардлагатай вакцин, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн амин чухал шугам тасарч болзошгүй юм.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
яацан улс вэ дордохоор долоо дордоно гэгч болоод