АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израйль, Палестин харилцан гал нээснээс хойш найм хоногийн дараа өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрээр талуудын харилцан гал зогсоохыг уриалж, галаа зогсооход дэмжлэг туслалцаа үзүүлнэ хэмээн амлажээ.
Мөргөлдөөн хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Өнгөрсөн найм хоногт Газад Израйлийн агаарын дайралтад 212 хүн алагдсаны 61 нь хүүхэд байгаа бол Израйльд Палестины пуужинд оногдож 10 хүн нас барсны дотор хоёр хүүхэд байгаа юм.
Ерөнхийлөгч Байден Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяхутай ярьж, нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд Египет болон Ойрхи Дорнодын бусад улс орнуудтай хамтран ажиллаж байна гэжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хүчирхийлэл, үймээн самууныг намжаах уриалга гаргах гэсэн боловч АНУ байнгын гишүүн орны эрх үүргээ ашиглан дахин хориг тавиад байгаа юм.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 улс Израйлийг цэргийн ажиллагаагаа зогсоохыг уриалсан мэдэгдэл гаргахыг оролдож байгаа ч АНУ гурав дахь удаагаа хориг тавьжээ. Их Британи, Герман, Франц, Египет зэрэг дэлхийн бусад улс орнууд Израйлийн талыг энгийн ард иргэдийн амь насанд халдахаас зайлсхийх ёстой гэдгийг сануулж, мөргөлдөөнөө нажаахыг уриалаад байна. Гэхдээ Израйльд ашиг сонирхлоо хамгаалах эрх бий гэсэн байр суурийг ч давхар илэрхийлж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.