Австралийн хамгийн өндөр настай эрхэм болох Декстер Крюгер түүнтэй адил урт наслахыг хүссэн хүмүүст тахианы тархи идэхийг зөвлөжээ. Тэрээр долоо хоног бүр тахианы тархи иддэг бөгөөд энэ нь түүний 111 жил гаруй насалсны нэг нууц гэж хэлсэн байна.
Тэтгэвэрт гарсан мал аж ахуй эрхлэгч Крюгер өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 111 нас хүрснээсээ хойших 124 дэх хоногоо тэмдэглэж байгаа аж. Ингэснээр тэрээр Дэлхийн нэгдүгээр дайны ахмад дайчин Жак Локеттоос нэг өдрөөр урт наслан, Австралийн түүхэн дэх хамгийн өндөр настай эрэгтэй болж байгаа юм.
Крюгер Куинсланд мужийн Рома хот дахь ахмад настнуудын асрамжийн газартаа өгсөн ярилцлагадаа долоо хоног бүр тахианы тархи иддэг нь түүнийг урт наслахад нөлөөлсөн гэж ярьжээ. Түүний 74 настай хүү Грег ч мөн эцгийнхээ амьдралын хэв маягийг даган мөрдөг бөгөөд үүний улмаас адил урт удаан насалж байгаа гэж үздэг байна.
Декстер Крюгерийн байрладаг сувилах төвийн асрагч Мелани Калверт "Крюгер бол эндхийн хамгийн хурц ухаантай оршин суугчдын нэг. Тэрээр 111 настай гэхэд түүний ой санамж үнэхээр гайхалтай" хэмээн ярьжээ.
Эх сурвалж: AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.