Дэлхийн даяар вакцинжуулалтын нөлөөгөөр халдварын тохиолдол буурах хандлагатай болж, улс орнууд хилээ нээж эхэлсэн ч бид аюул ард хоцроогүй гэдгийг санах нь зүйтэй. Тиймээс хөл хорионы дэглэм суларсан үед эрсдэлээс хэрхэн хамгаалахыг Британийн эрдэмтэд зөвлөж байна.
1. Хэн нэгэнтэй ойрхон алхахаас татгалзах хэрэгтэй
Хэрэв та халдвар авсан хүнтэй ойр байвал эрсдэл их болно. Нэн ялангуяа нэг гэрт амьдардаг бол халдвар авах магадлал өндөр. Тиймээс та явганаар гадаад орчинд зорчих бол бусад хүмүүсээс аль болох зай авах хэрэгтэй. Олон улсын эрдэмтдийн судалгаагаар халдвар авсан хүнтэй 15 минутын турш ойр байвал халдвар авах эрсдэл нэмэгддэг.
2. Юунд хүрсэндээ хэт их санаа зовох хэрэггүй
Цар тахал эхлэх үед аливаа зүйлийн гадаргууд хүрэхээс ихээхэн сэрэмжилж байсан. Хүмүүс дэлгүүрээс авсан эд зүйлээ угааж, олон нийтийн газарт товчлуур дээр дарахаас ч сэргийлэх болсон. Одоогоор гадаргуугаар дамжин халдвар тархаж байгааг бүрэн нотлоогүй гэжээ.
3. Цэвэр агаарт гарахын ач тусыг мартаж болохгүй
Ковид-ын вирус амьсгалах, ханиалгах, ярих үед хамар, амаар дамжин бидний амьсгалын замын эрхтнүүдийг өвчлүүлдэг. Вирусийн том бөөмс таталцлын хүчээр хоёр минутын дотор газарт унадаг ч зарим жижиг бөөмс агаарт хөвсөөр байдаг. Тиймээс агаар солбилцлыг сайн явуулах нь тэдгээр агаар дахь жижиг бөөмсийг үгүй хийхэд тусалдаг байна.
4. Өрөөнд хэдэн хүн байхыг бодолцож үзэх хэрэгтэй
Олон хүн байх тусам тэдний дунд халдвар авсан нэгэн байх магадлал өндөр. Мөн олон хүн илүү ойр байх боломжийг нэмэгдүүлнэ. Тиймээс нэг өрөөнд хэт олуулаа байхаас татгалзах нь зөв.
5. Боломжоороо вакцин хийлгэ
Коронавирусийн эсрэг вакцин хүндээр өвчлүүлэхээс сэргийлэхээс гадна бусад хүмүүст халдвар тараахаас ч мөн хамгаална. Тиймээс вакцин хийлгэх боломжтой бол дархлаажуулалтад заавал хамрагдаарай.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.