Ээжийгээ хавдартай байхад ажил хийж, эм тариаг нь залгуулдаг байсан ажилсаг хүү О.Баяншанд, эмнэлэгт сахиж өдөр шөнөгүй асардаг байсан хэрсүү охин О.Буяншанд нар айлаас айлын хашаа дамжин амьдардаг байжээ. Энэ байдлыг О.Баяншанд хүүгийн ангийн ээж нь мэдээд ХУД-ийн Иргэдийн төлөөлөгч Б.Мөнхцэлмэгт хандаж, орон сууц, байртай болгох хандивын аяныг эхлүүлсэн юм.
Аян өрнөж байх хугацаанд хоёр хүүгийн ээжийн бие муудаж, нас барсан юм. Ээж нь бурханы оронд заларсан ч гэсэн үлдэж байгаа 14, 13 настай хоёр хүүхдийг нь орох оронтой болгох хандиваа үргэлжлүүлж, “Вива сити” хотхонд нэг өрөө байртай болгож, түлхүүрийг нь гардуулж өглөө.
ХУД-ийн Иргэдийн төлөөлөгч Б.Мөнхцэлмэг:
-Хандивын аян эхлүүлснээс хойш нийт 48.4 сая төгрөг цугласнаас орон сууцыг 45 саяар худалдан авсан. Үлдсэн 3.4 саяар засвар болон айл гэр болоход шаардлагатай бусад эд зүйлс худалдан авч зарцуулсны дараа үлдэгдлийг хоёр дүүд өгнө. Хандивын аян эхлүүлснээс хойш талийгаачийн талаас хамгийн их түшиг тулгуур болж данс тооцоог хариуцлагатай найдвартай барьж тусалсан бэр эгч А.Сувдаа, хоёр дүүгийн сургуулийн хамт олон, багш нар, эцэг эхчүүдийн төлөөлөл, 134-р цэцэрлэгийн хамт олон, Даваадулам эгч, Амарбаяр, Мишка, Экү, Амарболд, Хангал, Өнөөдөр яармагт сургалтын төвийг хамт олон нартаа хандивын аяны хугацаанд хамгийн сайн тууштай хамтрагч нар минь байсанд баярлалаа.
Мөн Аавуудын группын админ Цэндээ болон группын бусад гишүүддээ, Playhouse хэрэгцээт барааны группын админ Энхжаргалдаа, 1 сарын цалингаа хандивлаж бусдыг уриалж өгсөн УИХ гишүүн Т.Доржханд, дүүргээс хамаарах бүхий л тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлсэн ХУД Засаг дарга Ж.Алдаржавхлан, Г.Батсайхан, зохиолын дуучин Амартүвшин, Масс ТВ, NTV, TV9, Tovch mn Шинэ яармаг хөлбөмбөгийн клуб М.Гомбо-Очир ах болон хамгийн гол нь хандивын гараа харамгүй сунгансан нийт Монголын ард түмэндээ онцгойлон баярлалаа.
Хоёр дүү цаашид хэрхэн амьдрах вэ гэж та бүхэн бодож буй байх. Бид байнгын тогтмол харилцаатай байж эргэж тойрч тусална. Мөн ээжийнх нь төрсөн ах (нагац) хамтран амьдарч амьдралын зардлыг нь хариуцна. Тогтсон ажил төрөлтэй 60 дөхсөн насны ах байгаа. Мөн “Вива сити” хотхоны СӨХ О.Баяншандыг насанд хүртэл төлбөр авахгүй байхаар шийдэж СӨХ-н төлбөрийг тэглэсэн.
Иргэдээс дараа нь орон сууцыг нь зарчихвий, үрчихвий гэж хүмүүс их санаа зовж одоо ч анхааруулсаар байна. Бид хандивын аян эхлэхэд анхаасаа хэлж байсанчлан О.Баяншандыг 18 нас хүртэл орон сууцны гэрчилгээг зарах, хөдөлгөх боломжгүйгээр барьцаалбар хийж түгжиж байгаа. Нагац ах ч өөрөө нас тогтсон найдвартай байрын хүн байна лээ дээ. Гэхдээ нийт ард түмний хандив учраас зайлшгүй хариуцлагатай хандаж хоёр дүүг насанд хүртэл нь барьцаалбар тэмдэглүүлнэ.
Нийгмийн ажил хийхэд туслаад нэмэргүй хүмүүс, тусалчихсан байхад өөрсдийгөө аваад явчихаар хүмүүс гэж хоёр янз байдаг юм билээ. Энэ хоёр хүүхэд бол энэ тусыг хүргэчихсэн байхад цаашдаа өөрсдийгөө аваад явчихаар арчаатай, хүмүүжилтэй, хандлага зөвтэй өсөн дэвжих хөөрхөн хүүхдүүд байна лээ. Ээж нь хоёр хүүхдээ тэнгэрээс хараад бага ч гэсэн санаа нь тайвширч байгаа байхдаа. Туслаж дэмжсэн та бүхэндээ аз жаргал сайн сайхныг хүсье гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2 хүүхдийг тух тавтай сайхан орон гэртэй болгож өгсөн Мөнхцэлмэг болон бусд хүмүүст их баярлаж бна та бүгдийн ажил үйлсд өндөр амжилт хүсье
2 дүүдээ хайртай шүү аз жаргал хүсье хөөрхөн шүү ард түмэндээ маш их баярлалаа одоо хичээл сургуульдаа шамдан суралцаарай хайртай шүү дээ 2 дүүдээ