АНУ-ын "Калифорнийн сугалаа"-наас 26 сая ам.доллар хожсон эмэгтэй хожлын тасалбараа өмднийхөө халаасанд мартаад, санамсаргүйгээр угаалгын машинд хийн, алдсан гэж мэдүүлжээ.
Тэрээр сугалааны тасалбараа өнгөрсөн оны 11 дүгээр сард Лос Анжелес хотын захын Норволк дахь дэлгүүрээс худалдаж авсан аж. Албаныхан тухайн үеийн дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шалгаж үзээд, тус эмэгтэй үнэхээр тасалбар худалдаж авсныг баталгаажуулсан байна. Гэвч энэ нь хангалттай нотолгоо болохгүй бөгөөд уг эмэгтэй үнэхээр хожлын тасалбарын эзэн байсан гэдгээ баттай нотлох шаардлагатай гэж "Калифорнийн сугалаа"-ны хэвлэлийн төлөөлөгч Кэти Жонстон хэлжээ.
Тус сугалааны тохирлын хожлын мөнгийг авах эцсийн хугацаа нь өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт дууссан байна. Хожлын эзэн нь сугалааны тохирол явагдсан 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш 180 хоногийн дотор тасалбараа авчран, шагналаа авах ёстой байсан гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгджээ.
Хэрэв сугалааны азтан гарч ирээгүй тохиолдол хожлын мөнгийг Калифорни мужийн улсын сургуулиудад тараадаг аж. Харин хожлын тасалбарыг худалдсан жижиглэнгийн худалдаачинд журмын дагуу 130 мянган ам.долларыг өгсөн байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.