Цар тахлын үед вакцин хийлгэсэн гэрчилгээ болон шинжилгээний сөрөг хариуг хуурамчаар үйлдэж, наймаалцах гэмт хэрэг гаарсныг олон улсын мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Их Британи болон дэлхий дахинд коронавирусийн үед хуурамч хариу, батламж худалдаж байгаа 1,200 гаруй бизнесс байгааг илрүүлжээ. Их Британийн жишээн дээр коронавирусийн шинжилгээний хуурамч хариу болон вакцин хийлгэсэн хуурамч батламж дунджаар 25 фунт стерлинг буюу манай мөнгөн дэвсгэртээр зуун мянга орчим төгрөгийн үнэтэй байна.
Зуны улирал эхэлсэнтэй зэрэгцэн вакцинжуулалт хийгдэж байгаа тул зарим улс орнууд хилээ нээж, ард иргэдээ хилийн чанадад амралтаа өнгөрүүлэхийг зөвшөөрч эхлээд байгаа. Гадаад улс оронд зорчих хүсэлтэй хүмүүсээс коронавирусийн шинжилгээний сөрөг хариу болон вакцинжуулалтад хамрагдсан батламж зайлшгүй шаардаж байна.
Ихэвчлэн өндөр хөгжилтэй орнуудад ядуу буурай болон хөгжиж буй улс орнуудаас ирж буй зорчигчид коронавирусийн хуурамч хариу, батламж худалдаж авч байгааг мэргэжилтнүүд тогтоожээ. Их Британи улсад хоногт зуу гаруй зорчигч Ковид-ын хуурамч хариугаар хил нэвтрэхийг оролдож байна гэж өнгөрсөн сард Парламентын хуралдаан дээр танилцуулсан байна.
Израйлийн судалгааны багийнхан WhatsApp, Telegram, Jabber зэрэг цахим платформууд, Dark web-үүдийг ашиглан АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв болон Их Британийн Эрүүл мэндийн газрын вакцины хуурамч бичиг баримт, шинжилгээний хариуг худалдаалж буй баримтыг илрүүлжээ.
Ковид-той холбоотой хуурамч бичиг баримт үйлдэж худалдаалдаг 20 орчим вебсайт өнгөрсөн жилийн 11 дүгээр сард бүртгэгдэж байжээ. Энэ тоо өнгөрсөн нэгдүгээр сард 600 болж нэмэгдсэн бол гуравдугаар сарын байдлаар 1,200 болж өссөн байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.