Тайваний Засгийн газар коронавируст цар тахлын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан, тархалтыг намжаах үүднээс хөл хорио, хорио цээрийн дэглэмийг чангаруулах шийдвэр гаргалаа. Эрх баригчид кино театрууд, энтертайнмент үзвэр үйлчилгээний газар, гудамж талбайг тавдугаар сарын 28-ны өдөр хүртэл хааж, дотор тав, гадаа 10-аас дээш хүн нэг дор цуглахыг хориглосон байна.
Удирдагч Цай Ин Вен олон нийтийг гэнэтийн цочролд орж, хэрэгцээт бараа бүтээгдэхүүн нөөцлөхгүй байхыг уриалжээ.
Тайвань коронавируст цар тахалтай амжилттай тэмцсэн нутаг дэвсгэрүүдийн нэг боловч өчигдөр буюу ням гарагт 207 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 23 сая хүн амтай аралд өнгөрсөн хугацаанд коронавирусийн 1,682 тохиолдол илэрч, Ковид-той холбоотой шалтгаанаар 12 хүн нас баржээ.
Засгийн газрын зүгээс иргэдийг гэрээсээ ажиллаж, суралцахыг уриалж, гадуур гарахдаа амны хаалт заавал зүүхийг шаардаж байна. Нийслэл Тайпей халдварын голомт болоод байгаа тул хотын эрх баригчид гуравдугаар түвшний түгшүүр зарлажээ.
Тайваний эрх баригчид цар тахал эхэлсэн даруйд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрт авч, хилийн хяналтыг сайжруулж, гадны иргэдийг хүлээж авахаас татгалзаж, гэртээ ирж байгаа иргэдээ тусгаарласнаар цар тахал бага гарсан гэж үзэж байгаа юм.
Тайваньтай ижил цар тахалтай ажилттай тэмцэж байгаа Сингапур улсад ням гарагт мөн халдварын тохиолдол нэмэгдэж, хоногт 49 хүн шинээр халдвар авчээ. Үүний 38 нь дотоодын иргэдээс илэрсэн тул тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн бүх сургууль, коллеж, их сургуулиудыг алсын зайн сургалтад шилжүүлэх шийдвэр гаргалаа. Сингапурт өнгөрсөн жил гаруйн хугацаанд халдварын 61,000 тохиолдол бүртгэгдэж, 31 хүн нас баржээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.