Израйль, Палестины мөргөлдөөн үргэлжилсээр байгаа бөгөөд хоногт хамгийн олон хүн буюу Газад 40 гаруй хүн Израйлийн агаарын дайралтад өртөж, ням гарагт амь насаа алдсан талаар албаныхан мэдээллээ. Эдгээрийн 16 нь эмэгтэй, 10 хүүхэд байжээ. Харин Израйлийн талд мөргөлдөөн эхэлснээс хойш 10 хүн Палестины дайралтад өртөж нас барсны дунд хоёр хүүхэд байна. Израйлийн арми өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Палестины тал 3000 гаруй пуужин харвасан гэж мэдэгдэв.
Удаан хугацаанд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсний улмаас Газад шатахуун хомсдоод байна. Үүний улмаас эмнэлэг, бусад үйлдвэр байгууламжууд эрчим хүчний эх үүсвэргүй болох аюул нүүрлэжээ. Израйль, Палестины зөрчил мөргөлдөөн хурцадсанаас хойш Газад нийт 188 хүн нас барж, 1,230 хүн гэмтэж шархдаад байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены элч төлөөлөгч Хади Амр өнгөрсөн баасан гарагт Израйльд ирж, хямралыг намжаахаар хэлэлцээр хийж байна. Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху бүрэн хүчээрээ үргэлжлүүлэн довтолно хэмээн мэдэгдэж, АНУ-аас дарамт шахалт ирж байгаа ч Ерөнхийлөгч Байдены дэмжлэгт талархаж байна хэмээн мэдэгдэв.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес нэн даруй галаа зогсоохыг уриаллаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орон ням гарагт хуралдсан боловч ойрын өдрүүдэд олон нийтэд хандсан мэдэгдэл гаргахаар төлөвлөөгүй байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.