Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймгийн “Эрдэнэт ТӨҮГ”-т ажиллаж байна.
Эрдэнэт үйлдвэрийн хамт олон улс орны өмнө хүлээсэн үүрэг, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ биелүүлэх зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна. 2021 оны эхний улирлын байдлаар, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-143 хувиар биелүүллээ. Үүний үр дүнд санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд ч төлөвлөгөөнөөс давж биелсэн. Тухайлбал, борлуулалтын орлого 38 хувиар, цэвэр ашгийн төлөвлөгөө 2.5 дахин давж биеллээ. Нэгдүгээр улирлын байдлаар, улс орон нутгийн төсөвт 149 тэрбум, өнөөдрийн байдлаар 266 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.
Өмнөх жилүүдэд гүйцэтгэсэн уулын ажил, геологи хайгуулын материал, ордын геологийн болон ашиглалтын нөөцөд иж бүрэн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг өмнөх жилүүдээс нэмэгдүүлэн 2017-2020 онд 29.4 сая ам.долларын геологи хайгуулын ажил гүйцэтгэж, Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хугацааг 30-аад жилээр нэмэгдүүлж, цаашид наанадаж 70 жил ажиллах боломжийг бүрдүүллээ.
Худалдан авалтанд ил тод, өрсөлдөх тэгш боломжийг ханган 2019 оноос цахим хэлбэрээр зохион байгуулж, төрийн худалдан авах ажиллагааны зарчимд нийцүүлэн “нэг цонхны бодлого”-оор холбогдох хууль, тогтоомжийн дагуу явуулж байна. Засгийн газрын шийдвэрээр Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай болж, Онцгой дэглэмийн горимоор ажилласан 2019 онд 65.8 тэрбум төгрөг, 2020 онд 88 тэрбум төгрөг, нийт 153.8 тэрбум төгрөгийг зөвхөн худалдан авалтаас хэмнэж чадлаа.
Эрдэнэт үйлдвэр нь Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажилласнаар сүүлийн 10 жилд анх удаа гадаад болон дотоодын зээлийн өр төлбөргүй боллоо.
Олон жилийн туршид яригдаж байсан гадаад авлага, өр төлбөрийг барагдуулж чадсан юм. Үүнд: БНКазУ-ын Балхашмыс компаниас авах 20 гаруй жилийн түүхтэй 20 сая ам.долларын авлагыг бүрэн авсан. ӨАБНУ-ын Стандарт банкнаас “Жаст” групп зээл авахад нь Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасан гэж буруутган 51 сая ам.доллар төлүүлэх шийдвэрийг Лондонгийн арбитрын шүүхээс гаргасан байдаг. 2019 оны эхэнд үндсэн өр төлбөр, хүү, торгууль нийлээд 120 орчим сая ам.доллар байсныг Засгийн газрын чиглэл, дэмжлэгтэйгээр уулзалт, хэлцлийг зохион байгуулсны үр дүнд 3 дахин бууруулж, 40 сая ам.доллар төлснөөр гадаад өр төлбөрийн асуудал, арбитрын хэрэг бүрэн хаагдлаа.
2017-2020 онд 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр техник, тоног төхөөрөмжийн 25 хүртэл хувийг шинэчиллээ. Үүний үр дүнд техник, тоног төхөөрөмжийн найдварт ажиллагаа дээшилж, үйлдвэрлэлийн хэвийн жигд ажиллагаа хангагдаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хүрсэн түвшинд хадгалаад зогсохгүй цаашид нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг онцгойлон авч үзэж, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 224 дүгээр тогтоолоо гаргасан. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх, тус үйлдвэрийн тогтвортой хөгжил, урт хугацааны үйл ажиллагааг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр”-ийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 262 дугаар тогтоолоор баталсан юм.
Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өмнөх онуудаас нэмэгдэж, 2019 онд 410.0 тэрбум, 2020 онд 665.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийлээ.
Хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд Үндсэн үйлдвэрлэлийн өргөтгөл, шинэчлэлийн 8 төсөл, Дэд бүтцийн 3 төсөл, Нийгмийн хөгжлийн 6 төсөл, Шинээр хэрэгжүүлэх томоохон 5 төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2020 оныг “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жил” болгосон. Энэ хүрээнд шинэ төслүүд, бүтээн байгуулалтын ажлуудыг шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог хангаж, шинжлэх ухааны ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг зорьж, эхлүүлсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан төслүүдийг хэрэгжүүлэх, 2021 оны техник-эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг үзүүлэлт бүрээр ханган биелүүлэх зорилгоор 2021 онд “Эрдэнэт үйлдвэрийн түүхэн хөгжил – Их бүтээн байгуулалтын шинэ үеийн эхлэлийн жил” болгох зорилт дэвшүүлэн баталснаар олон төсөл, бүтээн байгуулалтын ажлууд өнөөдөр амжилттай хэрэгжиж байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай, жигд ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, улс, орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, Үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэх, шинээр ажлын байр бий болгох нөхцөл, боломж бүрдэж байна.
Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн төслийн хүрээнд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хүдэр боловсруулалтын өртөг зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, урт хугацааны найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор жилд зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий Баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн 4 дүгээр шугам барих, НБХ-ийн хам баяжуулалтын 5р секцийн хүдэр боловсруулах, Хөвүүлэн баяжуулах хэсгийг шинэчлэх төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн цэвэр усны хэрэгцээг 60 гаруй км-ийн зайтай Сэлэнгэ мөрний сав газраас татаж хангах, цэвэр ус дамжуулах 820 мм-ийн диаметртэй ган хоолой бүхий 3-р шугамыг шинээр угсрах төсөл хэрэгжиж байна.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг түшиглэн “Уул уурхай – металлурги - химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн парк байгуулан хөгжүүлэх нөхцөл бүрдсэн. Паркийн бүрэлдэхүүнд,
Коронавирусийн цар тахал дэлхий дахин төдийгүй Монгол улс, Эрдэнэт үйлдвэрийн хувьд ч том сорилт болж байна. 2020 оноос дэлхий нийтэд тархаж эхэлсэн цар тахлын үед хэрхэн ажиллах бэлтгэлийг хангаж ажиллаж байгаа. Үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээр ахлуулсан Төв штаб, чиглэл хариуцсан орлогч нар хариуцсан Дэд штабын зохион байгуулалт хийж, цар тахлын хүнд үеийг эрсдэл багатай даван туулахаар, уурхайчид болон тэдний ар гэрийг хамгаалах, урьдчилан сэргийлэх өндөр бэлтгэлтэй байж, тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ жилийн хувьд Төв штабын үйл ажиллагааг дахин шинэчлэн зохион байгуулсан. Шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах, цар тахлын үед болон улс орны хэмжээнд эдийн засгийг сэргээх, өсгөх арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 211 тоот тогтоолоор улс орны хэмжээнд үүссэн “Ковид-19” цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлын үед ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор тэдний цахилгаан дулаан, уур ус, хог хаягдлын төлбөрийг энэ оны 7 сар хүртэл төр хариуцахаар шийдвэрлэсэн.
Энэхүү түүхэн шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүү, мөнгөний эх үүсвэрийг бүрдүүлэх, өөрөөр хэлбэл, эрчим хүч, усны хэрэглээний нийт 650 тэрбум төгрөгийн төлбөр төлөх үүрэг даалгаврыг Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олонд өгсөн.
Эрдэнэт үйлдвэр энэ хугацаанд Засгийн газрын 211 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж, Сангийн яамтай нягт хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэрийн хамт олон дээрх зардалд зориулсан нийт дүнгийн 71% буюу 464 тэрбум төгрөгийг Сангийн яамны тусгай дансанд төвлөрүүлээд байна. Цаашид 7 дугаар сарын 1 хүртэл үлдсэн зардлыг төлж барагдуулахад Эрдэнэт үйлдвэрийн зүгээс ямар нэг санхүү мөнгөний гачигдал, хямралгүй байх боломжийг бүрдүүлэх зохион байгуулалт хийн ажиллаж байна.
Орхон аймагт 03 дугаар сарын 24-ний өдөр “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол илэрч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шуурхай арга хэмжээ авч, бүх ажилтнаа ээлж, дарааллын дагуу түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, зохион байгуулалт хариуцсан Шуурхай штабынхан, эмч сувилагч, цагдаа нар болон арын албаныхан тасралтгүй 24 цаг ажилласны хүчинд 6800 гаруй ажилтнаас шинжилгээ авч, халдвар, эрсдэлийг богино хугацаанд тодорхойлж чадсан.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 03 сарын 24-ний өдрийн А/151 тоот “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед авч хэрэгжүүлэх хөдөлмөр зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” тушаал гарч, 0-12 настай хүүхэдтэй 186 ээж, өрх толгойлсон аавууд болон жирэмсэн ажилтнуудад цалинтай чөлөө олгосон. Мөн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр 290 ажилтныг цахим хэлбэрээр зайнаас ажиллуулж, Нийгмийн цехүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, 170 ажилтанд цалинтай чөлөө олгосон.
Цар тахлын халдвар тархах эрсдэлийг бууруулж, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор бүх бүтцийн нэгжийн хэмжээнд ажилтнуудыг цахимаар болон ажлын байранд ээлжлэн ажиллуулах хуваарь гарган баталж, мөрдөн ажиллаж байна.
Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, ажилтнуудыг дархлаажуулах талаар тус үйлдвэрийн Ерөнхий захирлын санал хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцгойлон авч үзэж, тодорхой үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Синофарм үйлдвэрийн Вероселл вакциныг нийлүүлсэн. Ингэснээр, дархлаажуулалтад хамрагдах боломжтой нийт ажилтнуудаа бүрэн хамрууллаа.
Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн газрын хэмжээнд нийт ажилтнууд, тэдний гэр бүл, ахмадууд, МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадварын хувь тогтоолгосон иргэд болон үйлдвэрийн газарт ажил, үйлчилгээ үзүүлдэг гэрээт байгууллагын ажилтнууд гээд нийт 9800 орчим хүн 1-р тунгийн вакцин хийлгэснээс 7000 гаруй нь 2-р тунгийн вакцинд хамрагдаад байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь цалин хөлс, урамшууллын бодлогын хүрээнд ажилтнуудынхаа үндсэн ба тарифт цалинг 2017 онд 10 хувиар, 2018 онд 15 хүртэл хувиар, 2019 онд 20 хувиар, 2020 онд 10 хувиар, дүнгээрээ сүүлийн 4 жилд 55 хүртэл хувиар нэмэгдүүлсний дүнд нэг ажилтны дундаж цалин 3.29 сая төгрөгт хүрсэн. Ахмадууддаа үйлдвэрээс олгодог нэмэлт тэтгэврийг 1.5-2.1 дахин өсгөсөн. Энэ нь коронавирусын цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралын үед уурхайчид, хамт олон, ахмадууд, уурхайчнаар овоглосон айл өрх бүрийн нийгмийн баталгааг хангахад чиглэсэн чухал шийдвэр болсон.
Эрдэнэт үйлдвэрийнхэн энэ оны 7 дугаар сарын 1 хүртэл Монгол улсын нийт айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ус дулаан, цахилгаан эрчим хүч, хог хаягдлын хэрэглээний төлбөрийг хариуцаж байгаа хэдий ч хэмнэлтийн оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаа төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.