УОК-ын Эрдэмтэн судлаачдын багийн гишүүн, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн судлаач, АУ-ны доктор Г.Цогзолмаагийн мэдээллийг хүргэж байна.
-Монголд мутацид орсон вирус илэрсэн үү?
-Sars-Cov-2 бусад вирусийн адил мутацид орж байна. Мутаци өөрчлөлт гэдэг бол вирус олшрох явц эсвэл нэгээс нөхөөд халдварлах явцдаа мутаци өөрчлөлтөд орж байдаг. Хэдий хэмжээний олон хүнд тархана төдийн хэмжээний өөрчлөлтөд орно.
Мутаци нь бүтцийн болон бүтцийн бус гэсэн уургийг агуулсан геномын бүтэцтэй. Sars-Cov-2 вирусийн 20 мянга орчим мутаци бүртгэсэн. Энэ олон мутаци өөрчлөлт бүгд аюултай гэсэн үг биш юм. Хэд хэдэн хэлбэр нь аюултай байдлаар олон улсад тархаад байна. Жишээлбэл, Англи болон Өмнөд Африкт 23 мутаци, 17 амин хүчлийн өөрчлөлттэй хувилбар тархсан.
Одоогоор дэлхийн нийтэд анхаарал татаад буй 10 орчим вариант байна. Эдгээр хувилбарууд вирусийн тархалтыг нэмэгдүүлж, дархлааны хариу урвалыг бууруулдаг нь тогтоогдоод байна. Энэтхэгт тархаад байгаа хувилбарыг дэлхийн нийтийн аюул гэж ДЭМБ-аас үзэж байгаа. Энэтхэгийн хувилбарын онцлог нь анх бүртгэгдсэн өдрөөсөө хойш маш хурдацтайгаар тархаж байгаа.
Манай орны хувьд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лавлагаа, лаборторийн 3 эрдэмтэн, судлаач нар Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд очиж, манай улсад тархаад буй хувилбарыг тодорхойлж судалгаа хийсэн. Ингэхдээ цаг хугацааны хувьд өөр, өөр хувилбарыг авч явсан.
Манайд анх бүртгэсэн хувилбар Хятадад анх бүртгэсэн Ухань хувилбартай төстэй байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж одоо B.1.1.46 гэсэн хувилбар өргөн тархаад байна.
Энэ хэлбэр нь дотроо тархалтыг ихэсгэдэг мутаци, эмнэлзүйг хүндрүүлдэг мутацийг агуулж байна. B.1.1.46 гэсэн хувилбар нь дэлхий дахинд өргөн тархаагүй. Энэтхэг, Англи, Австралид бүртгэсэн.
-Манай улсад өвчлөл гэнэт тархсан нь манай улсад бүртгэгдээд байгаа вирус нөлөөлсөн үү?
-Халдварын тохиолдол нэмэгдсэн нь энэ мутаци вирус нөлөөлсөн байх магадлалтай.
-Энэ мутаци вирус нь вакцины үр нөлөөнд нөлөөлөх үү?
-Судалгаа хийхэд манай улсад бүртгэгдсэн B.1.1.46 гэсэн хувилбар нь вакцины эсрэг дархлааг бууруулахгүй гэдэг нь тогтоогдсон. Вирусийн халдварыг зогсоох хамгийн түрүүний алхам бол вакцин юм. Вирус мутацид орж байгаа нь ямар нэгэн гаднын хүчин зүйл, хүнээс болохгүй. Вирусийн өөрийн уг чанар нь мутацлагдаж, өөрчлөгддөгтэй холбоотой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.